Зуны амралт шинэлэг сайхан боллоо

1998 онд МУИС-ийн МКС-ийг төгсөн, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд ажилд орсоноосоо хойш, ээлжийн амралтаа үргэлж УБ-т өнгөрүүлж өнөөг хүрсэн.
Энэ 2006 оны ээлжийн амралтаа 7 сарын 1-ээс авч, үндсэн амралтын ажлын 15 хоног, нэмэгдэл ажлын 3 хоног, амралтын хагас бүтэн сайн өдрүүд, баярын өдрүүд нийлээд 32 өдөр болж, 8 сарын 1-ны өдрийг дуустал сайхан амарлаа.

Сүхбаатар аймгийн Наран суманд гэр бүлээрээ очиж амарсан нь ойрд амьсгалаагүй ЦЭВЭР АГААР, ойрын жилд хараагүй УУЛ УС, 10 гаран жил уулзалдаагүй АХ ДҮҮСТЭЙгээ уулзалдсан, ярилцсан ҮНЭХЭЭРИЙН САЙХАН амралт болсон.

Ийнхүү доорхи маршрутын дагуу аялаж, нийт 1510 км замыг 36 цагт машинаар туулсан зуны амралтынхаа тухай зарим нэг хуучыг эрхэм таньдаа мэдээлэл болгон хүргэе.

Маршрут
--------------------------------------------
Улаанбаатар -136км- Багануур -74км- Цэнхэрийн гуанз -121км- Өндөрхаан -49км- Давсан бадрах -77км- Мөнххаан сум -103км- Баруун урт
Нийт 560 км. Үүний УБ-аас Өндөрхаан орох замын 250км нь засмал болсон нь сайхан байлаа.

Баруун урт - 60ийн овоо - Онгон сум - Наран сум
Нийт 210км

Наран сум - Хар говь - Баруун урт
Нийт 180 км

Баруун урт - Улаанбаатар
Нийт 560 км
---------------------------------------------

Сүхбаатар аймгийн Наран сумын өнөөгийн байдал
Сумын төв дээрээ 90 өрх айл, нийтдээ 400 гаруй өрх айлтай Наран суманд 1500 гаруй хүн 3 багт хуваагдаж, амьдарч, ажиллаж, мотоциклодож байгааг өөрийн нүдээр харлаа.
Сумын төв дээрх ихэнх айлууд нь малаа машин унаа болгохыг нь болгож, ган зуданд алдахыг нь алдаж, 1л сүүгээ 600 төгрөгөөр, 1л усаа 5 төгрөгөөр худалдан авч хэрэглэдэг болжээ.

Бараг айл болгон ямар нэг унаа тэрэг, Нарны толь, 12вольтын хар зурагттай болжээ.
Түүнээс бус сумын дизель станц гэдэг үрэлгэн технологи алга болсон АРГАГҮЙ Л зах зээлийн ач байх?!

Өнгөрсөн жилүүдэд ган гачиг тохиолдож, өнгөрсөн хаврын өдрүүд нь элсэн шуургатай байснаас хүн малгүй их зутарсан, энэ зун бороо хур их биш орсон ч өвс ногоо сайхан ургаж, Зуншлага сайхан байлаа.
Сумын төв дээрх хуруу дарам хэдэн айл үхэр, хонь, ямаа, адуутай байгаагаас миний ээжийн дүү Моломын Борчулуун ахынх 4 үнээ сааж, 300 орчим хонь ямаа хариулж, 2 азарга адуутай нь малтай айлын тоонд ордог гэнэ.

Наран суманд ХААН банкны л салбар ажиллаж байна. ХААН банкны онлайн сүлжээ нь арай л хүрээгүй байгааг харлаа.
Наран сумын тамгийн газар, сургууль нь Нар, салхины төхөөрөмжөөр хангагдаж, байнгын 220 вольтын цахилгаантай гэсэн.

Миний гэрийнхэн Наран сумын урдхан талаар урсдаг Наранбулаг голын эх дээрээс ус зөөж, Буруу хавирга, Хогны хонхорын зүүн дэрснээс Хөмөл түүж, Аргал түүж, Үхрийн баас хурааж, дэлгэж, Хонь ноослож, Ямаа самнаж, Тараг ууж, Тугал, Бяруу хариулж 20 хоногийг Наран суманд өнгөрүүллээ.

Наран сумын Соёлын төвийн эрхлэгч Дүгиймаа эгчтэй ярилцсан минь
Борчулуун ахын баз Баадайн төрсөн эгч Дүгиймаа нь Наран сумынхаа Соёлын төвийн эрхлэгчээр ажилладаг юм байна. Мэргэжил нь номын санч.
Соёлын төвдөө Наран сумын номын сан нь багтдаг.
Наран сумын Соёлын төв нь Эрхлэгч, Хөгжмийн багш/Аж ахуй, Үйлчлэгч/Галч гэсэн 3 орон тоотой ба Наран сумын төсвөөсөө цалинждаггүй, Сүхбаатар аймгийнхаа Боловсрол Соёлын газраар дамжиж цалинжиж ажилладаг гэнэ.

Ном хэвлэл авах зориулалтын 60000-85000 төгрөгийн жилийн төсөвтэй Соёлын төв нь 1960-1980-аад оны 4000 гаруй номтой гэнэ. Хуулийг хөдөөгийн иргэдэд хүргэх гол эх үүсвэр болсон Төрийн мэдээлэл сэтгүүл нь Наран сумын засаг даргадаа ҮНЭГҮЙ ирдэг атлаа, Номын сан нь ХУДАЛДАЖ авдаг гажиг тогтолцоог хэлж байлаа.

Номын сангийн үйлчилгээ нь төлбөргүй, Оройн бүжиг нь 500 төгрөгийн такстай гэнэ.

УИХ-ын гишүүн Р.Буд нь монгол, орос, англи хэл дээр биш ямарыг нь мэдэхгүй, Сумын аль ч иргэн уншиж чадахгүй хэл дээр бичсэн НОМ бэлэглэснийг Дүгиймаа эгч шүүмжилж байлаа.
МУ-ийн ерөнхийлөгч Н.Энхбаярын бичсэн 7 боть ном Сумын засаг даргын газарт ҮНЭГҮЙ ИРСЭН байтлаа, сумын номын санд 150000 төгрөгийн үнэтэй ирчихээд байгаа, 1 жилийн төсвөөс нь хэтэрчихсэн үнэтэй зэрэгт нь Дүгиймаа эгч их л харамсангүй, ийм ч байх гэж дээ хэмээн халагдаж ярьлаа.

Comments

Popular posts from this blog

Замын машинаар ОХУ-ын Новосибирск хот руу аялсан товч тэмдэглэл

TEDxUlaanbaatar 2017 арга хэмжээний сэтгэгдэл, үргэлжлэл

Айлчин найзууд Монголын тухай, миний гэр бүлийн тухай