Friday, October 12, 2007

2-р ангийн мөнгөн татаасууд

- вок 1ш, саван 1ш
- Сурагчийн цахим картны 10000 төг
- Сурагч сонин захиалгын 2500 төг - сонин захиалбал номын бэлэгтэй - захиалахгүй байсан ч болно гэсэн.
- Эрхэмлэх ёс ном - 1800 төг
- Жижиг наалддаг зураг - 120ш-тэй нь 100 төг

Wednesday, October 03, 2007

Ногооны хаягдал Үнээ тэжээхтэй хослож байна

Ногоо зардаг хүмүүст байцааны навчууд болон бусад муудсан ногоонууд их гардаг юм байна.

Ногооны хаягдлуудыг шуудайлан авч, гэртээ хүргэж чадах юм бол үхэр нь ямар ч ногоог тэр бүү хэл тарвасны хальсыг хүртэл амтархан иддэг юм байна.

Ногооны хаягдлаасаа гялгар уут, тамхины иш, төрөл бүрийн цаасуудыг нь ялгаж үхэртээ өгдөг.

Зарим нэг ногоо зардаг хүмүүс нь ногооны хаягдлаа зарах гээд байдаг ч үнэгүйгээр хамаад авахыг зөвшөөрдөг хүмүүс олон бий.

Ногооны хаягдлаасаа зарим нэг хүн идэж болохуйц, бага муудсан хүнсний ногоонуудыг нь ялган авч, тэр дор нь анхан шатны боловсруулалт хийж хадгалах, хүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна. Ингэх нь ногоог тарьж ургуулсан хүмүүсийн хөдөлмөрийг хүндэтгэж байгаа хэрэг болно.

Боодол өвс 2000 төгрөгийн үнэтэй байна

Хархорин захаас баруун тийш, Сонсголон-ийн замд өвс ачсан машинууд хот уруу орж ирээд тэнд зогсож, өвсөө худалддаг юм байна.

Бас Дамбадаржаагийн гүүрний зүүн талд өвстэй машинууд зогсож, өвс зардаг гэж сонссон.

Би Сонсголонгийн тийш хагас бүтэн сайн өдрүүдэд очиж, 99180456 утастай Од нэртэй ахтай танилцаж өвснөөс нь 100 боодлыг худалдан авлаа.
Өглөө эрт очихгүй л бол эрэлт ихтэй үед өвстэй машинуудыг хүмүүс өвсийг нь задлалгүй, машин машинаар нь авчихдаг юм байна.

Өвсийг худалдаж авахдаа шивээ ихтэй эсэхийг нь харах хэрэгтэй гэж хажуу айлын маань эгч надад зөвлөсөн юм. Өвс авахаар очих үед хүмүүстэй ярилцахад, шивээ ихтэй өвс нь харлаж, бараантаж харагддаг, малын гэдэс дотроос хатгаж зовоодог, шим тэжээлгүй зэргийг мэдэж авлаа.

Сайн өвс нь үнэртэхээс гадна ногоон өнгө давамгайлсан байдаг юм уу даа.

Өргөхөд өвс хөнгөн гэдэг дээ. Өвс нь овор ихтэй байдгийг бас л сая мэдлээ. 100 боодол өвсийг хашаандаа авчрахын тулд 40000 төгрөгөөр ВОНГО ПОРТЕРоор зөөлгөж Баянхошуунаас Дарь эхд авчрах, авчирсан хойноо ямар савандаа хийж хадгалах нь асуудал юм байна лээ.

Өвсийг гэр байшиндаа ойрхон, салхин дээрээ хураах нь ГАЛЫН аюултайг анхаарахыг хүмүүс бас зөвлөж байлаа. Хуурай өвс нь галд амархан автамтгайг бүү мартаарай.

Үнээ маань биднийг тэжээсээр

Өглөө орой саагаад нийтдээ 5 л сүү гардаг үнээ маань буянтай юм аа.

Миний ам бүл 6. Дөрвөн хүүхэд маань хааяа хааяа тараг уучихна, сүү хөөрүүлсэний маргааш өглөө бага хоёр нь нэг аяга хусмаа хуваагаад идчихнэ.
Өдөр бүр шахуу сүүний хоол идчихнэ.

Бид нар үнээ тугалаа сайн хариулаад, буяныг нь хүртээд байхаас өөр амьдрал хэрэггүй мэт ээ.

Энэ зун бараг өдөр бүр 5 л гэхлээр 300л сүү саасан байна лээ, тэр их сүүгээ мөнгөөр бодвол 300л х 300 төг буюу нийтдээ 90000 төгрөгийн сүүг хэрэглэсэн байгаа юм.

Миний аавын ээж Цэрэнбалтав нь Дамбадаржаад амьдардаг, миний ээж, хадмынх, хадам аавын ээж Хайлаастад, хажуу айлын эмээ, хажуу айлын эгч гээд хааяа хааяа сүү өгч буян үйлддэг айлуудтайдаа баяртай байна.

Үнээ тугалаа Сэлбэ голд бэлчээрлүүлж байна

Сэлбэ голд байгаа гялгар уут, хувцас хунар, зайрмаг боов чихэрний цаас, тамхины иш, эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэсэн хэрэглэл нь урсах нь урсаж, лаг шаварт шигдэх нь шигдэж мөн ч хэцүү байна даа.

Дамбын айлуудын тэндээс Хивс, ширдэг, машинаа угаасан угаалгын нунтаг, савангаар бохирлогдсон урсгал ус нь элдэв хогоор баяжсаар чадвал Туул голд цутгана, чадахгүй бол Нарантуулын баруун талд очоод голын ай саваар нэг тарна.

Өөр ус байгаа биш, үнээ тугал төдийгүй зарим нэг айл ийм усыг уухаас ч аргагүй байдалтай байна.

Гол дагуу ургасан өвс нь малд сайн тарга хүч өгдөггүй, цатгасан байдалтай болгодог гэж малтай хүмүүс хэлэх юм. Үнэн байх аа. Их л чийгтэй өвс байдаг юм. Намар уул руугаа бэлчээвэл өвс сайтай, тарга хүч авахад хэрэгтэй гэж бас зөвлөж байна.

Голоо дагаад өвс идэх ч яахав, болж байна. Гэтэл үнээ тугалыг минь болж л өгвөл хулгайлчих санаатай АЖЛААС ЗАЛХУУРСАН, АМАР ХЯЛБАРЫГ ЭРЭЛХИЙЛСЭН залуус-ноходыг яана билээ дээ.

Үхрийнхээ араас байнга л НҮДЭЭ БЭЛЧЭЭЖ, СЭТГЭЛЭЭ ЗОВООХООС аргагүй байна даа.

Дарь эхд хашаандаа үнээ тугалаа авчирлаа

Аавыг бурхан болсны дараа үнээ тугалаа Дарь эхд хашаандаа авчирлаа.

Миний хүү Б.Төгөлдөр аавтайгаа хамт өглөөний 6 цагт 120-р цэргийн ангиас тугалтай үнээгээ хөтлөн алхаж явсаар шөнийн 23 цагт Дарьэхд байгаа гэртээ авчирч билээ.

Үнээ дассан газраасаа холдохлоор хэвтэж өгөөд байдаг нь нэг бодлын ядарч дээ, нөгөө бодлын баашлаад байна уу гэмээр санагдсан.
Ингэж хүү бид хоёр хамгийн багадаа Портер машинаас үнээ, тугал авчрах 25000 төгрөг, цаашилбал 35000 төгрөгийг хэмнэж, өдөржингөө УБ хотын элдэв зүйлийг ажигласаар гэртээ ирсэн.

Тугалтай үнээ 350000 төг-р авлаа

УБ хотын баруун урд талд, нисэхээс баруун урагш байрлах Шувуун фабрикийн наахантаа 120-р цэргийн ангид ээжийн маань төрсөн дүү ажиллаж амьдардаг.
М.Туул эгчийн нөхөр О.Нямсүрэн нь хотод цэргийн ангид ажилладаг байхад эхнэр нь хотын баруун урд зүгт нэг талдаа 600 төгрөгийн нийтийн автобусаар зорчдог хол газарт хүүхдүүдтэйгээ амьдардаг нь нэг бодлын хэцүү ч юм шиг. Нөгөө бодлын нийгэм ингэж л урагшилдаг юм байна даа ч гэх бодол орж ирэх шиг.

Туул эгч 120-р цэргийн ангийн тэнд хувийн малтай айлын настай эгчтэй танилцаж, тэр хүний сэтгэлийг татаж чадсан тул, жирийн үед 400000 төгрөгөөс бага үнээр олдохгүй тугалтай үнээг 350000 төгрөгөөр аав ээж хоёрт минь авч өгч, хашаандаа гэрт байлгаж, 2007 оны 6 сард зусланд гаргасан тусалсан түүхтэй.