Tuesday, February 01, 2011

Хүний мэдээлэл олж авах эрхийг ижил тэгш хангах эхлэл тавигдлаа


1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 200 жилийн босгон дээр Улаанбаатар хотын нийтийн номын сангууд нь Мэдээллийн эрх чөлөөний хувьсгалыг номын сангийн бүртгэлийн хураамж, гэрээр ном олгох хураамжыг эрс багасгаж, улмаар 12 хүртэлх насны хүүхдүүдийг өмнөх хураамжуудаас бүрэн чөлөөлснөөр эхлүүллээ.
Ийнхүү 2011-2-1 өдрөөс эхлэн 1990 оноос хойших Ардчилсан Монгол улсад анх удаагаа 12 хүртэлх насны хүүхэд эцэг эх, асран хамгаалагчаа дагуулан ирж, Хотын нийтийн номын сангуудад хураамжгүйгээр Уншигчаар бүртгүүлж, үйлчлүүлэх, улмаар хураамжгүйгээр гэрээр ном авч унших эрхтэй гэдгийг Хотын нийтийн төв номын сангийн захиргаа, хамт олон баталгаажуулж өглөө. Номын сангийн вэб: http://pl.ub.gov.mn
Монгол улс зах зээлийн системыг сонгон хөгжсөн цагаас Монголын нийтийн номын сангууд нь улсаас төсвийн санхүүжилтээ 100 хувь авч чаддаггүй болж, улмаар өөрийн орлого олж, төсвийн дутуугаа гүйцээж санхүүждэг болсон.
Өнөөгийн нийслэл, аймаг, сум бүрт байгаа 350 гаруй нийтийн номын сангууд нь уншигч бүртгэл, гэрээр ном олгох, өрөө тасалгаагаа түрээслэх замаар төсвийн 30 хүртэлх хувь болох өөрийн орлогоо бүрдүүлж ирсэн нь нийтийн номын сангууд үндсэн үүргээ умартаж, хураамж, түрээсийн орлогын араас хөөцөлддөг болоход хүрээд байна.
Нийтийн номын сангууд нь татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж, улмаар татвар төлөгч иргэнээ насан туршид нь мэдээллээр хангах, бие даан суралцах орчин нөхцөл нь болох ёстой гэх мэт үүрэгтэй гэдгийг хэлж чадах хүн цөөхөн үлджээ. Харин номын сангуудын төсөв хүрэлцдэггүй, бид элдэв хураамж авахаас аргагүй гэсэн үгээр халхавч хийж, Нийтийн номын сан гэдэг эрхэм ойлголтыг эвдэгчид маш олон байна.
Яагаад нийтийн номын сан гэж байх ёстой юм вэ, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тодорхойлсон мэдээллийн эрх чөлөөгөө иргэд хэрхэн эдлэх ёстой вэ, Олон улсын номын сангийн холбооноос дэвшүүлсэн Нийтийн номын сангийн тунхаглал гэх мэт хүний үндсэн эрхтэй холбоотой асуултуудад хариулт эрсэн хүн бүр Зах зээлийн хатуу үнэн болох Хүн төрөх нь үнэн, үхэх нь үнэн, татвар төлөх нь үнэнгэдэгт байгаа Яагаад татвар төлөх ёстойг ойлгож ухаарна.

No comments: