Wednesday, August 05, 2015

7-р сард 4 үнээний ашиг шим, ач тус

Улаанбаатар хотынхоо захын дүүрэг хороонд Ганц худгийн хорих ангийн ойролцоо, үнээ маллах боломжтой гол ус, бэлчээртэй газарт 6 ам бүлтэй миний өрх гэр 4 үнээ сааж, малладаг.

Үнээ маллах нь дараах ач тустай байна. Үүнд:

1.    Өрх бүлийн гишүүн бүхэн ажил хөдөлмөрийн хуваарьтай болж, гар хөдөлвөл ам хөдөлнө, ажил хийвэл дуустал, мал дагавал ам тосдоно, дэлэнт мал дээшээ гэх мэт ардын зүйр цэцэн үгсийг амьдралдаа хэрэгжүүллээ.
-    9, 10 настай охидууд үнээгээ бэлчээрт, төл малаа айлын хашаанд  гаргаж, цөөн хэдэн цаг үнээгээ алсаас ажиглангаа тоглож наадаж, бэлтгэж авч гарсан хүнс хоолоо идэж, номоо уншин суралцаж, цэвэр агаарт унтаж  өнгөрүүлээд, гол руу буулгаж услаж, ширэг идүүлээд, оройхон гол дээрээс үнээгээ авчирна.
-    9, 10, 13 настай охидууд хөрш айлуудынхаа 5, 7, 11 настай хүүхдүүдтэй хамтран ихэр сүргийнхээ баасыг зөөж, хатаахаар дэлгэж, хэрчиж жижиглэнэ, өмнөх өдрийнхөө хагас хатсан баасыг эргүүлж, харин хатсан баас буюу аргалыг овоолсон аргал дээрээ зөөж авчирах ажил өдөр бүр өрнөж, бороо хуртай өдөр зөвхөн баасаа цуглуулан овоолж орхиж байлаа.
-    Хүүхдүүд ээждээ аргал ойртуулж өгөх, сүү халаах, тараг бүрэх ажилд туслалцаж, тараг бүрэлдэхээр бүтээлгийг нь авна.
-    Үнээгээ саах ажил өглөө бас оройд өрнөнө.

2.    Мэдлэг нэмж, хичээл сурлагад нь тустай боллоо.
-    Шилбүүр, аргал, төл мал, хөж, өөв өөв гэх мэт үнээ маллахтай холбоотой үг яриа, эд хэрэглэлд суралцаж, сүү цагаан идээний амтыг мэдэрч, боловсруулах арга ажиллагаатай ойроос танилцаж чадсан. Сүүгээ түлэхгүйн тулд ямар аргал авчрахыг хүүхдүүд анзаарч мэдсэн байна.
-    Малын сүү, цагаан идээний ашиг шимийг цаг улиралд нь нийцүүлэн боловсруулах арга техник өөр байдгийг, цаашилбал хүн бүр нас, хэв маягийн онцлогоос хамаарч ялгаатай идэх, хэрэглэх ёстой байдгийг ухаарч, хүмүүст зөвлөж ярьж байна.

3.    Байгалиа хамгаалах үйлсэд өдөр бүр хувь нэмэр оруулж байна
-    Аргалыг түлээ түлш болгож ашигласнаар өдөр бүр мод хэрэглэхээс татгалзаж, мөн 1 жижиг уут модыг 1500 төгрөгөөр худалдан авах мөнгөө хэмнэж чадсан.

4.    Хүний эсийн тэжээл болж чадах Хүнс /ХҮН-ий э-С/ хоолоо өөрсдөө бэлтгэж байна
-    Өглөө бүр коктейлоо сүүнд зуурч идэх,бага үд, оройн хоолондоо шинэхэн тараг идэхдээ 1.5л сүү, 5л таргийг ямар ч санхүү мөнгөнд санаа зовохгүйгээр хэрэглэж, мөн зочлон ирсэн хөрш, ах дүүсдээ сүү, таргаар идээ барьж, хооллож, бэлэглэж чадлаа.
-    Тарагыг шар будаатай хольж бага зэрэг чанаж, улмаар дэлгэж хатаан ирэх өвөл, хаврын шим тэжээлт хүнс хоолоо бэлтгэсээр байгаа.
-    Өрөм, цөцгий тосоо хурааж, намар болохоор цагаан тос, шар тос бэлтгэхээр цуглуулахад анхаарч байна.

5.    Гадаад, дотоодын couchsurfer - айлчид маань тугал харж өхөөрдөх, илэх, үнээ хариулж үзэх, үнээ нь нохой шиг хаздаг биш, морь шиг тангардаг биш болохыг мэдэж, Гадаадын фермийн үнээнээс бэлчээрийн Монгол үнээ нь ааш зан уяхан, номхон дөлгөөн болох, төл малаа болон бие биенээ хайрлан долоодог, уурлаад мөргөлдөөд байдаггүй, үхрийн баас нь ургамал ногоо харагдсан өтгөн байж, улмаар түлээ түлш болдог юм байна гэдэг ялгааг олж мэдэж бидэнд хэлж, үнээ малын байгалиас сонгож идэж байгаа өвс ногоо нь цаг улирлаараа өөр байгаагийн ялгаа, учрыг ярилцаж, байгалийн хүч, өгөөжийг улам их ойлгож байна.

6.    Буяны ажил явдал, Бөө болон бусад яаралтай ажил үйлсэд нь аргал хэрэг болсон үед хавь ойрын хүмүүс ирж, багахан болон шуудай аргал авъя гэхэд нь буян бодож туслахад, баярласан сэтгэлээ илэрхийлдэг нь бидэнд таатай байдаг.

7.    Хашаа гудамжинд ургасан зэрлэг өвсийг толгойноос нь идсээр дуусгаж, мөн нарийн зүлгийг хадаж, тайраагүйгээс бие биенээ дарж ялзарч, муутгахгүй байх байгалийн зохилдлого нь хашаа хороог зэрлэг ургамлаас салгах хүний хөдөлмөрийг хөнгөвчилж байна. Мөн үнээний шээс, баас нь газартаа дахин шим тэжээл болдогийг 3-р ангийн сурагч хүүхэд ажиглан хэлж байна.

8.    Мөн тараг сүүнээсээ худалдаж борлуулан 700000 орчим төгрөгийн орлогыг өгсөн болохыг Өрхийн төсвийн Өсөх өрх програм маань тайлан болгон харуулж байна.

9.    Эцэст нь мэргэжил боловсрол муутай хүмүүс л мал малладаг, мал маллахаар цаг наргүй ажилтай болдог гэх мэт зөрүү гажуу ойлголтуудыг өөрчилж, харин ч эрүүл бие, саруул ухаантай байхыг хүссэн, эх байгаль, эцэг тэнгэрэ хайрлаж хүндэтгэсэн хүн бүр шийдвэр, сонголт хийж өөрсдөө мал маллах, эсвэл мал малладаг ах дүүсээ зөв ойлгож, улмаар тэднийхээ ажил үйлсэд оролцож хүчээ нэгтгэх ухааныг олон хүнтэй харилцсанаар мэдлээ.

10.    Европ, Америк гэх мэт улсуудад мөнгө чухал биш гэдгийг харуулах, байгаль дэлхийдээ хог хаягдалгүй, мөн сэтгэл санааны аливаа дарамтгүй амьдрах оролдлогыг олон мянган хүмүүс хийж, хэдэн сар, жилээр батлан харуулж Дэлхийн хүмүүсийн амьдралыг харах өнцөгт нөлөөлсөн бичлэг, нийтлэлийг интернэтээс үзээд, Миний Монгол ахуй тэр чигээрээ, хэдэн зуун, мянган жилээрээ баталчихсан амьдралын сонгодог хэв маягийг ярьж танилцуулж, харуулдаг хүн нь байхаар 7-р сардаа бид амьдарлаа.