Sunday, January 03, 2016

2015 онд Бэгзсүрэнгийн өрхийн төсөв, тэр дундаа хүнс хоолны ямар хөрөнгө оруулалт хийгдэв




   

Тэртээ 1980-аад онд хэвлэгдсэн Хөдөлмөр сургалт 7-р анги сурах бичгийн номын 114-р талд Өрхийн төсөв гэсэн нэн чухал нийтлэл байдгийг санаандгүй олж мэдэж, гайхаж, бодож, баярлаж билээ. Тэртээ цагт энэхүү сурах бичгээр хичээл сургалтаа авсан сурагч бүхэн шимтэн уншиж, тоомжиргүй харж, мөн хайхралгүй өнгөрүүлж байсан байж магад. Харин миний уураг тархины нэгэн нугалаанд хоногшсон үлдсэн нь хожим 2000 онд гэнэт зүүдлэгдсэн байх даа :-)

Өрхийн орлого, зарлагаа цаасан дээр 2000 оноос, 1994-1998 онд МУИС МКС-д суралцахдаа олж авсан мэдлэгээ ашиглан зохиосон Өсөх өрх програмаар 2003 оноос бүртгэж, тооцоолдог болсноос хойш өрхийн тэргүүн Бэгзсүрэн, гэрийг гийгүүлэгч Мөнгөнсоёмбо бидний өрх гэрийн амьдралын чанарт мөнгөөр хэмжигдэх аргагүй эерэг өөрчлөлтүүд гарсаар байгаа.

Хүмүүс бид ирээдүй хойчоо бодож, үр өгөөжөө өгөх, амьсгалж бус амьдарч өнгөрүүлсэн өдрүүдээрээ бахархахын тулд хүний амьдралын сайн туршлагуудыг олж мэдэж, үлгэр дуурайлал аван, чармайн зүтгэж, хөдөлмөрлөж чадсанаараа л эерэг өөрчлөлтүүд хийгддэг болохыг 15 жилийн өрхийн төсвийн бүртгэлээсээ олж хардаг.

2015 оны 8760 цагийн хугацаанд өрх гэрийнхээ тоононд хос багана болсон Бэгзсүрэн, Мөнгөнсоёмбо бидний өрх гэрт 16,166,639 төгрөг орж ирээд, 16,289,921 төгрөгийн хэрэглээ, хөрөнгө оруулалтаар зарцуулагдсаныг нэхэн сонирхвол, 

      -  Хүний биеийн 60 гаруй хувь, булчингийн 75 хувь, ясны 22 хувийг бүрдүүлэгч Ус хэмээх чандмань эрдэнийг 7 хоног л биедээ өгөхгүй байхад хүн амьд байх боломжгүй гэдэг, харин бид 21042л усыг 19170 төгрөгийн үйлчилгээний хураамж төлөн авч, цэвэржүүлж шүүж зөөлрүүлэн, усандаа байгаа хэрэгцээт эрдэс бодисыг нь гээлгүй хэрэглэж дадсан
-        
      -  ЭИАХМ-ийн клубын үйл ажиллагааг оюун ухаан болон 9,873,989 төгрөгөөр зохион байгуулж үйлчилж, ам бүл, клубын гишүүддээ бие сэтгэлийн гайхалтай үр дүн бүхий 13,247,097 төгрөг болгон хөрөнгө оруулжээ

-  Хүүхдээ зөв хооллож-зөв сэтгэдэг амьдралын ухаант бие хүн болгоорой гээд улсын төсвөөс хуваарилсан одонгийн мөнгө, хүүхдийн 20000 төгрөг нь нийт 980000 төгрөг болж ээжийнхээ дансанд орсоныг цаг тухайд нь хөрөнгө оруулалт болгоё, ирээдүйд үнэгүйдэх вий гэсэндээ 43 тооны хувцасыг 235300 төгрөгөөр, ЕБС-даа анги хамт олны хүсэлт, эцэг эхийн зөвлөлийн шийдвэр, ангийн багшийн дэмжлэгтэй зохион байгуулсан, хүсэж шаардсан 45 арга хэмжээ, эд зүйлсэд 212700 төгрөг, өсвөр насны хүүхдүүд минь өөрсдөө мөнгөө зохицуулах эрхийг хааяа ээж ааваасаа авсаны дагуу 105600 төгрөг, хичээлийн дэвтэр, хэрэгсэл, үзгэн бал гэх мэт өөрсдөө бүтээж чадахгүй 263 зүйлдээ 88750 төгрөг, ангийнхаа сурагчийн гэр бүлд туслахад нь 6000 төгрөг гэх мэтийг зарцуулж
 
      -  Айлчин – couchsurfer системээр харилцсан 93 айлчин нөхөдтэйгээ 86 өдөр эвтэй сайхан соёлын мөн оюуны солилцоо хийж, амьдралын мөчөө хуваалцаж
-        
      -  2007 оноос тугалтай 1 үнээ байхаас нь гэргий, хүү хоёр минь дагаж маллаж, өсгөсөн, одоо 4, 5-р ангийн охидууд минь хариулж туслаж байгаа тугалтай 4 үнээ сүүн сүрэг минь дэлэнт малын сүү шимээ хаврын эхэн сараас өвлийн эхэн сар хүртэл өгч эзэн бид сэтгэл, хөдөлмөрөөрөө боловсруулсан цагаан идээ хүнсээрээ бор ходоодоо цайлгах, түлээ түлшээ бэлтгэж авахын зэрэгцээ, 2,795,320 төгрөгийн сүү, тараг, махыг сүү цагаан идээнд дуртай, чанарыг эрхэмлэгч хүмүүст худалдан борлуулжээ
- 
          -   Хүүхдийн алгыг дээш харуулж, магнайг нь тэнийлгэхдээ тал ул боов, 12 хуудастай дэвтэр, хурууд, бяслаг, хавирга,, далны мөгөөрс гэхээс илүү бэлэн мөнгийг өгч, хэрэгцээтэй, дуртай зүйлдээ зарцуулна даа гээд 163100 төгрөг хүүхдүүдэд бэлэг болгосон нь аав ээжийн хамтдаа бүртгэдэг өрхийн төсвийн тооцоонд арай ядан багтсан, зарцуулагдсан
      - Давтагдсан тоогоор гэргий бид хоёр багтсан 87 хүмүүнд оюун мэдлэгээ нэмж, бодол ухаанаа тэлэх, хүний ертөнцийг таньж мэдэх боломжийг олгодог сургалтуудад 1,939,000 төгрөгийг төлж, оюун сэтгэл, бие махбоддоо хөрөнгө оруулжээ

      - Хүнсээ зөв сонгох нь ухаан зарах, мэдлэг шаардах, биеэ бүтээх хөрөнгө оруулалт гэдгийг анхаарч буй гэргийнхээ чармайлтыг дэмжиж, 483410  төгрөгийг нийт энгийн хүнсэндээ зарцуулахдаа, 2-р гурил нь арай л зөв юм даа, бас хамаагүй хямдхан юм даа гээд он дамжин хэрэглэгдэх 525кг гурилыг 312500 төгрөг, тариа будаа нь хальстайгаа юм даа, хэдий калори өндөр ч шим тэжээл нь арай илүү юм даа гээд няцалсан, шар, хөх, бортой нь 77кг-ийг 75350төгрөг, өөрсдийн гараар, гэрийн онцгой орц найрлагатай боов талх, зөв хүнсийг бэлтгэж бие, сэтгэлээ тэтгэлээ

      -  5 ханатай гэрээ цахилгаан, дулаанаар хангахдаа 98 шуудай нүүрсийг  300900 төгрөг, 1239квт эрчим хүч, хог хаягдлын мөнгө, МҮОНТВ-ийн тогтмол хураамжинд 180777 төгрөгөөр
      -       Цаг хугацааг хэмнэгч, орон зайг товчлогч, холын хоёрыг уулзуулдаг интернэт, гар утасны харилцаа холбоондоо 490947 төгрөгөөр хөрөнгө оруулалт хийж

      -       Амралтын өдрүүдэд одоо л сэрж байгаа даа гэсэн аятай 8 цагаас нааш үйлчилж эхэлдэггүй, төлбөрийн цахим карт технологийн шинэчлэлтэнд үйлчлүүлэгч бид бэлэн байсныг харуулсан нийтийн тээвэр, 100-ийн машин гэдэг хоч нэртэй өөртөө ажлын байр бий болгосон жолооч нар, бахираа эсвэл хурдан унаа гэдэг микро зэрэгт дунд ангийн сурагч хүүхдүүд болон бид 708 удаа үйлчлүүлж 216090 төгрөгийн тушаажээ

      -       харин бие, сэтгэлийн хүчний хөдөлгүүртэй унадаг дугуйгаараа 506 удаа гэр, ажил, зах, худалдааны төв гээд зорчихдоо багцаа тооцоогоор 2530 км замыг туулжээ

      -       гадаадын 53ш гарын саван, дотоодын 42ш эдийн саванг нийт 42400 төгрөгөөр худалдан авсан байгаадаа дүгнэлт хийж, Монголчуудын савангаа гэртээ үйлдвэрлэдэг технологи, аргад суралцах хүслээ биелүүлэхээр уншиж судлаж, сонссон дуулсан хүмүүстэй нь уулзаж ярилцаж л итгэлээ тээсээр л байгаа

      -       мөн 152329 төгрөг яасан нь мэдэгдэхгүй дутагдсан байгааг

      -       өрх гэрийн гишүүдийн 13 удаагийн ширээ тойрсон яриаг өрнүүлсэнийг

      -       хүүхдийнхээ толгойг бариулахдаа баярлалаа гээд өгсөн сүү цагаан идээ мөн 5000 төгрөгийг эс тооцвол эм, эмчилгээнд мөнгө зараагүйг

      -       МҮОНТВ-ийн Монголын нэг өдөр нэвтрүүлэгт Айлчин системийн тухай, Ийгл ТВ-д айлчин систем болон өрхийн төсвийн тухай, МҮОНРадиод санхүүгийн боловсролд буланд гээд хэвлэл мэдээлэлд 4 ярилцлага өгсөнөө

      -       дээрх бүхнийг Өсөх өрх өрхийн төсвийн програмдаа гэргийнхээ хамт бүртгэн оруулсанаа, 2015-1-1, 2015-12-31 гэсэн 2 өдрийг сонгоод “тооцоолох” даруулаар програмаа удирдаж, 20 секундын дотор бүлэглэн, ангилан тооцоолуулсанаа харж байгаад, ийнхүү хэдэн цагаар суун хүүрнэн бичлээ.

Энэхүү нийтлэлийг уншиж танилцсан эрхэм хүмүүн таны оюун бодолд бий болсон эерэг сайхан хүсэл мөрөөдлийг би таашгүй.
Мөрөөдөл хүслийнхээ төлөө анхны алхамаа хийснээр таныг надаас ч хол илүү тооцоолж, төлөвлөж, амжилттай амьдарч чаддаг болгоно.

Масло маргарин, элсэн чихэр, давс, гүрж ногоон цай нэртэй шилбэ, ишний шахмал black tea, зайрмаг, ундаа жүүс шүүс, шүдэнз-лаа, гоймон, пүнтүүз, молоко, цагаан самар, үрлэн чихэр, архи дарс, тамхи, кофе, уксус, майноз, кетчуп, хоол амтлагч, чипс, ууттай бэлэг, хулдаас дрож, эм тариа, зүү тариур, сальфетка, хими цэвэрлэгээ, бэлэн гоймон, гялгар тор зэрэгт ажил хөдөлмөрийн үнэлгээ - цалин мөнгөө зарцуулалгүй, ухаан зарж амьдарлаа.

Өрхийн төсвөө хөтлөх санаа оноог ярилцах, Өсөх өрх програмыг хэрэглэж сурах, сайжруулан түгээхийг хүсвэл утас 99861326, имэйл mcl_begee[et]yahoo[dot]com-ээр холбогдож, нүүр тулан уулзахыг хүсье.
Эрхэм уншигч таны үнэт цаг, сониуч зан, хүсэл тэмүүллийг тань хүндэтгэн, мэхийн ёсолсон
Ж.Бэгзсүрэн
зөв хооллолтын хувийн зөвлөх

жич: өрхийн төсвийн өмнөх нийтлэлүүдийн холбоосыг энд шигтгэлээ.

Өрхийн төсвийн програм сэдэвт уулзалтын үзүүлэн
 http://www.slideshare.net/jbegzsuren/ss-10837985

Бэгзсүрэнгийн  өрхийн 2007 - 2014 онуудын тооцооллын нийтлэлүүд
http://begzsuren.blogspot.com/search/label/өрхийн төсөв

http://begzsuren.blogspot.com/2015/01/6-2014.html
http://begzsuren.blogspot.com/2014/01/6-2013-2012.html
http://begzsuren.blogspot.com/2012/01/2011-6-4.html
http://begzsuren.blogspot.com/2011/01/6-2010.html
http://biznetwork.mn/network/topic/show/10341
http://biznetwork.mn/network/topic/show/3281
http://biznetwork.mn/network/topic/show/10744/0
http://creativemongolia.com/мөнгийг-тоолж-тооцоолж-хэрэглэж-суръя/

No comments: