Wednesday, December 28, 2016

2016 онд миний өрх бүл Дэлхийн 26 улсын 136 иргэдтэй танилцаж, амьдарлаа


Дэлхийн улс орон болгонд найзтай, таньдаг хүнтэй болохыг хүсдэг хүмүүс байна уу?
Бид Монгол хүний зочломтгой занг харуулж, холын хүнээс үг сонсохоор 2016 онд 26 орны 136 иргэдийг гэртээ хүлээн авч, 256 өдрийг хамт амьдран өнгөрүүлжээ.
- Оросын явган аялагч залуугаас целное молоко буюу үнээний цэвэр сүү, condensed milk буюу хуурай сүүнээс сэргээсэн сүүний ялгааг сонсож, яг ямар бүтэцтэй хуурай сүү/condensed milk-ийг шингэрүүлэн савлаж, тэр нь хямд байдгийг анхаарахыг, цаанаа бол 1 ТОМ КОМПАНИ өөрийн брэндийн үнэтэй жүүсний дэргэд, худалдаж авсан орон нутгийн жижиг үйлдвэрт өөрсдийн жор технологиор үйлдвэрсэн дотоодын брэнд гэж харагдах жүүсийг хямд үнэтэйгээр байрлуулан борлуулалт хийдэг болохыг гэх мэтийг сонсож, өөрсдийн худалдан авалтандаа анхаардаг болж,
- Улс орнуудад очиж сайн дурын ажил хийж аялаж амьдардаг Финляндын залуус Монголын 3-р сарын цас хайлж, чийг үнэртсэн, дулаарч байгаа өдрүүдийг мэдэрч, мөн Финляндад хуулийн дагуу фермерийн үнээнээс саасан сүүг задгай худалдах ёсгүй ба үйлдвэрээр дамжин савлагдсан сүүг уухад нүүр нь улайж, хүзүү нь загатнаж харшил нь эхэлдэг байхад бидний малладаг бэлчээрийн үнээний сүүг хөөрүүлээд уухад яах ч үгүй байгаа ялгааг олон талаас нь ярилцаж,
- Парагладинг  буюу шүхрийн спортын тамирчин, дасгалжуулагч Чили улсын залууд Монголд  сонирхол ижил залуус байдгийг нь танилцуулж өгч,
- Оросоос машинтайгаа, бас нохойгоо ирсэн залуусд Монгол гэртээ нохойгоо оруулдаггүй уламжлалтайг хэлж, тэд ч бас өөрсдийн гэр бүлийн гишүүн нохойгоо машиндаа ганцааранг нь хонуулахгүйгээ тайлбарлаж,
- Сингапурын цэргийн тусгай албаа хаачихаад, аялаж яваа залууд Монгол 39 настай залуугийн хүч, хурд, малч, байгалийг ажиглан мэддэг уламжлалаас харуулж, тайлбарлаж,
- Украйны зүүн хилийн хот бол дээд боловсрол, шинжлэх ухааны төвлөрөл ихтэйг сонсож,
- Герман цахилгаанчин  мэргэжилтэй ахын Монгол гэр дэх цахилгааны холболтонд санаа тавихыг мэдэрч,
- Зочлон ирж байгаа айлдаа юу авч очиж болох, ямар бэлэг авахыг хүсч байна вэ гэдэг найрсаг асуултанд нь зургийн аппарат захиж, бэлгэнд авсан түүхийг залуус бахархан ярилцаж,
- Ганцаараа 20 гаруйхан насандаа явган аялалын эзэн болж чадсан бүсгүйн түүхээс сонсож,
- Голландын том биетэй Даач хүмүүстэй нөхөрлөж,
- 4 унадаг дугуйгаа авч очин, тухайн улсдаа унадаг дугуйн аялал хийж хэвшсэн 3 хүүхэдтэй Франц айлтай найзалж,
- Малайз залуу Хятад их сургуулиа төгсөөд, ажилд ороод завгүй болохоосоо өмнө гээд, их сургуулийн тэтгэлэгээс цуглуулсан мөнгөөрөө унадаг дугуйн аялалын бэлтгэлээ хангаад, сайн дурын ажил хийнгээ Солонгос, Япон, Хятадаар дамжин Монголын баруун хилд унадаг дугуйгаар аялан хүрч чадаад, цааш аялалаа үргэлжлүүлж байгааг харж,
- Мэднэ, мэднэ гэж хариулаад байгаа ч бие дээрээ мэддэгээ хэрэгжүүлж чадаагүй 50 гаруй настай, хөгжингүй гэж тооцогддог орны гэр бүлээрээ аялаж байгаа хүмүүсийг өрөвдөж,
- Гитараа үүрэн аялсаар Монголд ирж, Франц, Англи дууг дуулж хөгжим сурах хүслийг хүн бүхэнд бий болгож чадсан залуу,
- Оросын Алтайн нуруунд онгон байгалийн дунд амьдрахаар сонгож, тэндээ амьдардаг, Монголын 33 говийг явганаар аялаж үзэх сонирхолтой залуусд бага ч гэсэн Монгол ахуйг хүндэтгэн ойлгож харьцах талаар мэддэгээ зөвлөж дэмжин,
- 14, 16-хан настай эгч дүү хоёр хамтдаа ямар их эв найртай аялаж байгааг харж,
- Малайзын алс бөглүү тосгоныхоо газрыг мөнгөтэй компаниудад алдахгүй, байгальд ойр амьдралын хэв маягаа хадгалахын тулд энэ бүсгүй Австралид хуулийн мэргэжлээр суралцаж, төгсөхийн даваан дээр Монголын байгалийг үзэхээр ирэнгээ, Монголын газар өмчлөлийн тухай хууль, шинэ газарт хэрхэн бакрышка зоож тэмдэг тавьж байгааг харж, нэмж бодох зүйлтэй болж буцаж байгааг,
- Энэтхэг бүсгүй хаа очсон газартаа энэтхэгийн өвс ургамлуудаас бэлтгэсэн оригнал амтлагчаа цүнхнээсээ гарган ирж, энэтхэг амтлагчтай хоол бэлтгэн дайлж, хөнгөхөн аялж байгааг,
- Зөвхөн миний гэрт ирэхийн тулд вэбд хэрэглэгчээр бүртгүүлснээ сүүлд нь ярьсан залуусаар хүн төрөлхтөний сайн бүхэнд итгэдэгт нь баяр хүргэж,
- Нарантуул захаас худалдаж авсан мотоциклиороо Монголын нутгаар нилээн хэдэн сар аялсан зоримог герман охины аялалын түүхийг бичүүлж авч,
- Европын улсын их сургуульд тэтгэлэгээр суралцах замдаа Улаанбаатар хотод хоёрхон хоног зогсоод, дараагийн алсын алс руу явах галт тэргэндээ суух оюутан залууд бид туслаж,
- Хүнсний шим тэжээлийн мэргэжилтэн мэргэжлээ ашиглан улмаар фитнесээр давхар хичээллэн Фитнес фото эмэгтэй болж, ажиллаж байгаа бүсгүйтэй танилцаж,
- Испанийн бүжигчин, youtube-д бэлхүүсний бүжигчин гэж хайвал шууд л хэдэн сая хүн лайк дарсан бүсгүй Монгол гэрт ирж бүжиглэх дуртай охидуудад маань бүжгээсээ сонирхуулж,
- Украйн залуу орос найзуудынхаа машинтай Улаанбаатарт ирж, эцэст нь гэнэтийн ажлын дуудлага ирж, 2 залуу нь онгоцоор Москва буцаж, харин жолооч бүсгүйтэй гэргий бид хоёр Улаан-Үүд хүртэл аялаж, улмаар замын машинаар 5400 гаруй км аялсан анхны аялалын түүхээ бүтээлцэж,
- Гэргий бид хоёрыг Орос оронд аялаж байхад гэрт үлдсэн хүүхдүүдтэй маань бал сараараа аялаж байгаа хос болон бусад Дэлхийн найзууд хамтдаа амьдарч,
- харин бид Иркутск, Красноярск, Новосибирск хотуудад зочломтгой хүмүүсийн вэбээр дамжин танилцсан Орос айлууддаа айлчлан очиж, Монгол хүний гараар хоол хийж өгч, эв эеийг эрхэмлэн амьдран,
- Олон сараар явган аялал хийхэд хүнс хоолны шим тэжээлт байдлын дутагдлаас хэрхэн үнэт баялаг болсон булчингаа алдсан, ядарсан байгааг залуу хостой ярилцан мэдэж,
- Монголын хөдөөгийн ахуй амьдралын хэв маягт дурласан герман айл 2 дахь жилдээ 2 нялх хүүхэдтэйгээ хүрэлцэн ирж, ажилсаг, уран ард түмний Бүргэдийн баярыг очиж сонирхож, 3 дахь удаагаа дараа жил ирэхээ ярилцаж,
- Эрүүл мэндээ олж авахын тулд байгальтай найзлахаар, Монголын хөдөөгийн сүү тараг дээр ирж, хүслээ биелүүлж байгаа солонгос идэр эр,
- Байгалийг хайрлахаар төрсөн хүн гэж өөрийгөө тодорхойлсон Япон залууд аягаа долоох, аргалаа түлэхийг үзүүлж, ярилцаж,
- Францын хамгийн том програм хангамжийн компанийн мэргэжилтэн бүсгүйг аялахад нь найз нь бэлэглэсэн аман хуураа, монгол 10 настай охин аман хуур хөгжмөө үзүүлэхэд санаж цүнхнээсээ гарган, хамтдаа давтлага хийж,
- Бразил, Франц улсад тэтгэврийн нас Монголынхоос даруй 5-10 жилээр урт байдгийн учир шалтгааныг ярилцаж,
- Зүүд манагчийг төмөр утас, өнгийн утсаар хийж, хулуу, хашаар амттай хоол хийсэн залуустай нөхөрлөж,
- Бие муутай настай хүн хол замд аялах ч бас хүндхэн болохыг харж,
- Австрали залуус сэргэлэн, ажигч, тусч гэдгээ харуулж бидний клубын байрны цэвэрлэгээ, тохижилтонд тус дэмийг нь авч,
- Франц хүмүүс хоол хийж, хүнийг дайлахдаа аз жаргал мэдэрдэгийг бодитоор хийж,
- Он гарах мөчид ам бүлдээ гадаадаас ирсэн найзтайгаа байх баяр хөөрийг дахин мэдрэхээр гэх мэт сэтгэлд үлдсэн мөчүүдийг бид дурсан санаж, хөөрөлдөж чадна.

Дэлхийн улсуудын хөгжил дэвшил, мөнгө зээл, зав чөлөөгүй ажлаас хөндийрэх нь энэ цаг үеийн шаардлага хэрэгцээ болоод байгааг харуулдаг, мөн уламжлал, байгальтайгаа ойр амьдралын хэв маягийг хүсэмжилсэн, зочломтгой байдлаа батлан харуулахыг хүсдэг хүмүүсийн ашигладаг Couchsurfing, Warmshowers, Workaway, Trustroots вэбүүдээр дээрх айлчидтайгаа танилцсан.

Энэхүү тэмдэглэлийг уншиж танилцсан эрхэм танд 2017 оны амьдралдаа өөрчлөлт дэвшил хийхийг хүсэн ерөөе!
Хүндэтгэсэн,
Ж.Бэгзсүрэн, гэргий Б.Мөнгөнсоёмбо

1 comment: