Tuesday, July 11, 2017

Нүүдэлчин болон Суурин иргэншлийн холбоос - Наадам


Нүүдэлчин болон суурин иргэншил, уламжлал болон шинэчлэлийн холбоосуудын нэг нь Монгол наадам.
Хот хөдөөгүй бид хийморь сэргээх морио сойж уралдуулж, биеийн байдлаа сорьж бөх барилдаж, алс хэтээ харахыг сануулж сураа харваж, уламжлал шинэчлэл хослуулж сайхан наадацгааж байна.

Монгол хүн бүр энэхүү уламжлалт баяр цэнгээнийнхээ оролцогч, бүтээгч нь байсан бол өнөө цагт үзэгч олон гэдэг хүмүүстэй болжээ.

Хүүхэд насандаа наадмаар, зуны амралтаар хөдөө явж, ээжийн дүү Борчулуун ахын, аймгаас 10-аад км хөдөө гэртээ байж, аргал түүж, үхрийн баас дэлгэж, үнээ ивэлгэж, хонь хариулж, тэмээн тэргээр усанд явж, айраг бүлж, тогоо нэрж, аарц зүсэж, шавганд явж, морь гишиглүүлж, сур чулуунд ороолгож элдэж болон ах эгчийн хийгээрэй гэсэн бусад ажлыг хийсээр өөрийн мэдэлгүй ихийг сурч, наадмын баяр хөөр цэнгэлийг бүтээлцэж өнгөрүүлдэг байжээ.

Наадмаар ихэнхдээ ах эгчийг наадамлуулж, би хонь хариулах ээлжтэй буюу миний хишиг өдөр тохиож нэг талаас наадам үзээгүй гомдолтой мэт, нөгөө талаас нэр хүндтэй ажил хийж магтуулдаг байсанаа энд бичихийг хүслээ.

Монгол хүмүүн бидэнд нүүдэлчин болон суурин соёл иргэншилд сэлгэж амьдрах боломж илүү байна, өөрөөр хэлбэл бид амьдралыг олон талаас нь мэдрэх, ойлгох, хүртэх, аль алинд нь хэтрүүлэггүй хандаж, зааг хязгаарыг ойртуулахгүй, харин ухаалаг хүмүүн бид өөрсдөө холбоос нь болж аз жаргалыг ойлгож, мэдэрч амьдрах боломж бүрэн дүүрэн байна.

Үүний нэг илрэл нь Монгол наадам.
Хийморь сэргээх Морио сойж уралдуулж, Биеийн байдлаа сорьж Бөхөө барилдаж, Алс хэтээ харахыг сануулж Сураа харваж, уламжлал шинэчлэл хослуулж сайхан наадацгаая.

Иймд суурин болон нүүдэлчин амьдралын хэв маягынхаа зааг хязгаарыг ойртуулалгүй хишиг өдрөө олон болгож амьдарцгаая.

No comments: