Saturday, January 07, 2017

Говь-сүмбэр аймаг /Чойр өртөө/ руу 2017 оны ажлын эхний өдөр аяллаа


Говь-сүмбэр аймаг /Чойр өртөө/ руу 2017 оны ажлын эхний өдөр аяллаа

Алтангэрэл ах  31 жилийн замчны ажил хөдөлмөрөөрөө төмөр замын салбарын дээд шагнал авч, ээж, ах дүүс, хамт олныхоо хүрээнд баяраа 2017 оны 1-р сарын 2-ны орой тэмдэглэн өнгөрүүлэхэд нь хадам ээж, би, гэргий, охин, мөн гадаад айлчин хоёр найзаа дагуулан шуудангийн автобусаар 4 цаг орчим давхиад очлоо.

Биднийг ах маань жолоочоороо тосуулж, шууд л хүлээн авалт явагдаж эхэлсэн байсан ресторанд хүргүүлж, баярын ширээнд бид тухалж, оройжин хүмүүс баярлаж, дуу хуур болж, бүжиг наадаан хийж, зураг хөргөө авахуулсаар 23 цагт өндөрлөж, ахын гэрт очиж хэдэн цаг үргэлжлүүлэн ярилцаж, өртөөнд шөнө ирэх галт тэргэнд сууж Улаанбаатар хотод өглөө 9 цагт ирлээ.
Энэ аялалаас би өөртөө шуудангийн автобус, галт тэрэгний аялалын УБ-Чойр-УБ гэсэн нийт 460 орчим км маршрутыг нээж, хураамж өртөгийг мэдэж авлаа. Цаашид Чойр өртөө миний танил газар болж чадлаа.
Энэ аймгийн хонхор гэдэг газарт шинэ орон сууцны хороолол баригдаж, аймгийн автобусны буудлын баруун урдхан талд байгаа отго жинсэн малгайтай нэгэн ноёны цээж хөшөөний нэрийг 2 асуусан хүн маань мэддэггүйд гайхаж, төмөр замын ажилтануудын орон сууцны нь жорлонгийн усны тоолуур зогсолтгүй эргэж байгааг хараад усаа гамнаж, биедээ шингээж зөв хэрэглэх дуртай болохоороо лавлаж асуухад засуулах гээд байгаа гэж байв, мөн шөнийн тэнгэрт саран авхай дэргэдэх нэгэн од найзтайгаа хамт үдшийн тэнгэрт гялтганаж Япон айлчинд хэзээ ч харж байгаагүй байгалийн өнгө төрх, харин надад байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, амьдрал ахуйгаа байгальдаа уусгаж чадсан өвөг дээдсээрээ бахархах  сэтгэлийг төрүүлж, цаашилбал “ухаант хүү” Болд гэдэг бүжиг, дууны өндөр мэдрэмжтэй, сэтгэлээсээ баярлаж чаддаг ахтай танилцаж, аймгийн төвөөс 40 орчим км зайд олон түмний хүндэтгэдэг, Монголын уран сайханы кинонд Ээ Чойрын Богд минь гэж уулга алдахдаа хэлэгддэг уул байдаг тухай ярилцаж амжлаа.
Мөн дагуулж очсон Япон эмэгтэй маань ингэж хүн бүр дуулж чаддаг, ууж, баярлаж чаддаг арга хэмжээг гайхан хүлээн авч, Японд ийм болоосой гэж бодлоо хэлж байв, Франц залууд 10-20 жил уулзаагүй найзууд ийм тэмдэглэлт баяраар уригдан ирж уулзаж, дурсамжаа ярьж, хутга хэрэглэлгүй идэж, хундага тавилгүй ууж баярлаж байгааг гар утсаараа бичлэг хийж байхад нь нэмж тайлбарлаж, Францын энгийн амьдралд төрийн одон медаль аваад ингэж баярладагыг мэдэхгүй гэсэн яриагаар үргэлжлүүллээ. 
Бид ахынхаа хөдөлмөрийн амжилтыг бүтээхэд гол үүрэгтэй байсан эрдэнэт биеэ цаашид, энэ өдрөөс эхлэн сайн ус, тэжээлээр тэтгээсэй гэсэндээ брэндийн ус шүүгч бэлэглэж, хоёр айлчин найз нараасаа тус бүр 10000 төг гаргуулж, нийлүүлээд л бэлэглэчихлээ.
Хөдөлмөрөө үнэлж цэгнүүлэн гавъяа шагнал авч байгаа ахын мялаалгад ажлын эхний өдөр уригдан очсон бид ч энэ 2017 ондоо ажил хөдөлмөрийн өндөр амжилттай байх нь дээ гэж бэлэгшээж ярилцаж явлаа.
Өөрийн толгой дээрх тэмээг биш хүний толгой дээрх өвсийг харав гэгчээр бидэнд тээврийн үйлчилгээ үзүүлсэн төр, хувийн хэвшлийн үйлчилгээнд дараах засаж сайжруулах зүйлс харагдлаа.
-       Баянзүрх авто вокзал дээр нийтийн ариун цэврийн өрөө нь ажиллахгүй байгаа нь гадаад, дотоодынхонд соёлын байдал нэн дорой байгааг,
-       Автобусны билетны мөнгө тушаахдаа заавал бэлнээр авч байгаа нь, банкны карт уншигч байрлуулаагүй нь ямар дорой байна аа,
-   Сайншандын автобусанд Чойр дээр буухаар билет бичүүллээ 18300 төгрөг юм байхдаа гээд санаанд оролгүй, яарсан сэтгэлдээ хүлэгдсэн ээждээ бид, Чойр хүртэл өөрийнх нь автобус 6500 төг, харин Борөндөрийн автобусанд суугаад замдаа Чойрт буухад 9100 төгрөг байгааг ярьснаар ээж минь дотроо нэг бодсон байх, аливаад яараад хэрэггүй, хүнээс авсан мэдээлэл нь үнэн зөв эсэхийг нягтлан шалгах, цэгнэх, мэдээллийн самбартай ажиллах арга барил хүртэл хэрэгтэйг анзаарсан байх.
-   Галт тэрэгний билет бичүүлэхдээ хүртэл эртлэн төлөвлөж, лавлаж, урьдчилан бичүүлэхгүй бол билет дуусч, дараагийн суудлыг хүлээдэг болохыг хүртэл мэдлээ.
-      Чойр өртөөнөөс бичсэн галт тэрэгний билетэнд үнэ нь багтсан 200 төгрөгний кофе шиг сахар ихтэй нунтаг цай нь яагаад ч хүн бүр заавал худалдаж авах ёстой юм, хүн өөрөө цай хэрэгтэй гэвэл галт тэрэгний үйлчлэгч, эсвэл цай хоол зарж яваа хүнээс худалдаад авчихаж чадна шүү дээ ч гэж бодогдлоо,
-    Мөн гайхалтай нь галт тэрэгний энэ билетэнд НӨАТ-ын сугалаа хэвлэж өгөөгүй, би ч лавлаж асуугаагүйгээ бас анзаарлаа. Бас өмнөх шуудангийн автобус үйлчилгээний компани ба тээврийн газрын олгосон билет дээрх НӨАТ-ын сугаланд бүртгэх үнийн дүн нь 750 төг байгааг бас л гайхаж хүлээж авлаа.


-   Мэдээж хэрэг Налайх дүүрэг өнгөрөөд л, Хонхорт ороод ирэхэд Улаанбаатар биш Утаанбаатар угтаж авлаа даа. Бид чинь Улаанбаатарын нутаг дэвсгэртээ ямар хөгжил, дэвшлийг нийлж байгуулчихаад, яаж эрүүл, аюулгүй байдлаа орхигдуулан, хэн нэгэнд даатгаад цаг наргүй хөдөлмөрлөж, баяр цэнгэлдээд, амьдраад байна даа!