Аавыгаа хөдөөлүүлэх ажлын маань товч тайлан

1. Аав маань эцсийн амьсгаагаа хураасны дараа СХД-ийн эмнэлгийн асрагч ажилтан аавын маань цогцосыг хэрхэн зөв байдлаар нойрсуулахыг гүйцэтгэж байгаа нь мэргэжилдээ үнэнч, тусч хүний занг харуулж байлаа.

2. СХД-ийн тэр оройн жижүүр эмч хэрхэн шарилыг хадгалуулах, нас барсан тухай эмнэлгийн магадлагаа бичиг, шарилд задлан хийлгэх эсэхийг асууж байгаа зэрэг нь бидэнд аливааг ойлгож мэдэх, цаашдын ажилд тустай болсон.

3. Аавыгаа бурхан болсныг ах дүү төрөл төрөгсөд, найз нөхдөд нь утас, мессежээр мэдээ хүргүүлэх ажлыг цаг алдалгүй хүргэх нь зүйтэй байдаг юм байна лээ. Бид мессежендээ аавынхаа нэрийг бичих, эсвэл мессежийг илгээж байгаа өөрийнхөө нэр, ээжийнхээ нэр зэргийг дурдаагүйгээс болж ганц нэг айлыг сандаргах, чухам хэн нас барчихаад байгааг зөв ойлгуулаагүй алдаа сүүлд харагдсаныг санууштай.

4. Орой ээжийн гэрт ээжийн хүргэн ах Даваажавын зөвлөлгөөнүүд, аав тань олонтойгоо хүн байсныг санаарай, машин тэргийг засдаг бурхан хүн байсныг санаарай, хөдөөлүүлэх, чандарлахаа үлдэж байгаа гэргий, дүү нартайгаа зөвлөлдөхийн зэрэгцээ аавынхаа ээж, аавынхаа дүү нартай заавал зөвлөлдөж шийдэх нь зөв зохистой, дараа нь эргэлзээ тээнэгэлзээгүй байдгийг учирлан надад тайлбарлаж байсан нь мөн ч их тустай байлаа.

5. Орой би ажил дээрээ ирж, дүү нар, ээжтэйгээ хамт зургийн альбомоос сонгож авсан аавынхаа зургийг компьютерт оруулж, томруулж 3 хувь хэвлэж, УБ Буян компанийн мэдээллийг интернэтээс хайж үзсэн нь маргаашын хөөцөлдөх ажлуудад бага ч гэсэн хэрэгтэй байсан.

6. Аав маань үдээс хойш нас барсан тул маргааш өглөөнөөс нь хөдөөлүүлэх ажлыг би хариуцан авч, будаалуулах ажлыг дүүдээ хариуцуулан, гэр орны ажилд бусад 3 дүү маань ээж болон хамаатануудад туслахыг хуваарилсан байсан тул, миний ажил маргааш өглөөнөөс нь эхэллээ.

7. Алтан сав нээх ламд очих, хайрцаг, чулуу бэлтгэх, газар авахдаа лам авч явах, нас барсныг бүртгүүлэх, оршуулгын үед хийгдэх зан үйл, ёс горимуудаас зөвлөх зэрэг ажлуудад ээжийн хамаатан Б.Насанжаргал ах маань машинтайгаа аавын дүү Цэцгээ эгч, бид хоёрыг авч явж, энэ өдөртөө амжуулж өгсөн нь хамаатан хүн гэдэг ийм үед л тус болох ёстойг ойлгуулсан хэрэг болсон.
Тэнхлүүлэн явахад тэмээгээр тусалснаас Тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр.

8. 14-ны өдрийн өглөө Сүхбаатар аймагт байсан аавын дүү нар ирж, тэдэнтэйгээ авсан газар руу очиж ухаж бэлтгэх, захиалсан хайрцаг, чулуугаа бэлэн болж байгаа эсэхийг очиж үзэх, маргаашийн хөдөөлүүлэх үйл явц аль замаар явж, аль замаар буцаж ирэхийг шалгаж, хэрхэн хөдөөлүүлэх вэ, ямар ариутгал гэх мэт ёс үйлдэхийг, хэн гэдэг ламаар хөдөөлүүлэх явцаа удирдуулахаа шийдэж, ламаа гэрт нь хүргэж өгч, маргааш өглөө нь ирж авахаа ярилцаж, аймгаас ирсэн аавын дүү нарт нь болж өнгөрсөн хийж гүйцэтгэсэн ажлуудаа тайлбарлан ярьж, хөдөөлүүлэх ламаасаа юу бэлтгэхийг асууж, шарил хадгалуулсан байсан 3-р эмнэлгийн хариуцсан эмч ажилтантай утсаар ярьж маргааш өглөө 7:40-д хөдлөхийг хэлж гэх мэт ажлуудыг амжуулсан.
Энэ ажилд маань их тус болсон аавын хамаатан Нямсүрэн ахдаа баярласнаа илэрхийлэхээс аргагүй.

9. 15-ны өглөө эртлэн босож 3-р эмнэлгийн шарил хадгалахдаа 5:40 минутад очиж, эмч нартай уулзаж, хөдөөлүүлэх ламын хэлсэн ёсуудыг эмч нар сурамгай нь аргагүй гүйцэтгэж, мэргэжлийн чадвараа харуулж байгаа нь бахархмаар байсан.
Өглөө 7:40 цаг ч боллоо. Хөдөөлүүлэх үйл явц ч эмнэлгээс эхэлсэн, 15-ны Даваа гариг, баяр наадмын дараах ажлын өдрийн 100 айлын машины бөглөрөөг эс тооцвол хөдөөлүүлэх явц сайн болж өнгөрсөн.

10. Гэрт дүү нар, аав ээжийн дүү нар, хамаатан саднуудын хамтын оролцоотой буй болсон будаалгын ажил амжилттай болж, хөдөөлүүлсэн лам маань зохих шашны номыг хурж, шашны талаас нь дуусгаж, хол ойрын хамаатан, садан, танил нөхдүүд гэр гэртээ хариж, 49 хоногийг дуусталх буян хурааж, бурхан болсон аавыгаа урд зүгтээ эрдэм номтой хүү болон төрөхийг нь хүлээх үлдсэн билээ.

Comments

Popular posts from this blog

Замын машинаар ОХУ-ын Новосибирск хот руу аялсан товч тэмдэглэл

TEDxUlaanbaatar 2017 арга хэмжээний сэтгэгдэл, үргэлжлэл

Айлчин найзууд Монголын тухай, миний гэр бүлийн тухай