Мартахаасаа өмнө

- Өнгөрсөн өдрөөс төд дэхь хоног дээр буян сайн үйлд гэж Алтан сав нээхэд гарч ирдэгийг бид хөдөөлүүлсэн лам Батсайхантайгаа ярилцсанаар,

аав маань 4 дэхь өдөр нас барсан тул түүний өмнөх өдөр 3 дахь өдөр бүр буянаа сайн үйлдэж байхаар сольсон юм.
Ганцхан өдөр их мөнгө төгрөг зарцуулан барин буян үйлдэж байснаас нас барсан хүндээ 7 хоног бүрийн нэг өдөрт зориуд буян үйлдэж байх нь зөв гэж Батсайхан лам зөвлөсөн юм.

Учир нь шашны номондоо талийгаачид зориулж бүтээлгэсэн бурхан нь талийгаачийг хөтлөн явж 7 хоног бүрийн нас барсан гаригт нь буян нүглийг нь дэнслүүлж, нийтдээ 7 удаа дэнслүүлсний эцэст дараагийн сайн төрөлд нь хүргэдэг ёсыг тайлбарлуулан мэдэж авсан юм.

- Төдөн ам бүлтэй айл тийм ийм заслын ном уншуулаарай гэж Алтан савыг нээхэд хэлдэгийг бас дараах байдлаар зөв ойлгох ёстойг Батсайхан лам хэлж өгсөн:

Нас барагчийн хамаатан саднуудад, эсвэл оршуулгын ёслолд ирж оролцож байгаа айл өрхийнхөн тэр үед хэдүүлээ нэг гэртээ амьдарч байгаатай хамаатайгаар энэ тоог ойлгоорой гэсэн юм.

Жишээлбэл, Алтан савыг нээхэд 8 ам бүлтэй айлууд тийм тийм заслын ном уншуулаарай гэж гарсан гэж бодъё.
Тэгвэл хэн нэг ураг төрлийн нь 8 ам бүлтэй айлын том хүү нь эхнэр аваад тусдаа гарсан бол тэр айлыг 7-уулаа амьдарч байгаагаар тооцох нь зөв юм байна.

Өөр нэг жишээ гэвэл, хэн нэгэн нь тухайн үед өөр газар оронд яваад гэртээ байхгүй байсан бол 8 ам бүлтэй гэдэггүй юм байна.

Харин аав ээж 5 хүүхэд нийлээд 7 ам бүл мөртлөө эмээ, эсвэл өвөөтэйгээ 8-уулаа нэг гэрт амьдарч байсан бол заслын номыг нь уншуулах нь зүйтэй гэнэ.


- Сүнсийг хооллодог сүрийн гурил гэдэг зүйлийг Хөдөөлүүлэх ёслолыг үйлдэх ламаасаа хөдөөлүүлэхээс өмнөх өдөр нь ном уншуулаад авах хэрэгтэй юм байна,
тэр гурилаа орой бүр баруун хаянадаа аргалын цог дээр уугуйлаж хэрэглэнэ. Тэрхүү сүрийн гурилын утаагаар нь сүнс хооллодог гэж шашны номонд заасан гэнэ.

- Алтан сав нээхэд хайрцагт нь хамт хийж оршуулаарай гэдэг 9-н эрдэнэ, нөмрөг, толгойн хадаг, талийгаачийн эдлэж хэрэглэж байсан зүйлсээс авч үлдэж хэрэггүй гэх мэт зүйлүүдийг
Оршуулах ёслолыг үйлдэх өглөө Шарил хадгалахын эмнэлгийн эмч (Батсайхан 99289191) нартаа өгч, тэднээр туслалцуулж, зааврыг нь дагаж
шарилын хайрцаг дотроо шарилаа тойруулан эвтэйхэн хийж, тагыг хагас нээх үед ил харагдахгүйгээр, унжиж цувахгүйгээр хийдэг юм байна лээ.

Хөдөөлүүлэхийн өглөө, эмнэлгээс шарилыг авч хайрцагт нь хийхдээ Алтан савыг нээхэд хэлж өгсөн ямар жилтэй хүн байна, тэр хүн нь өглөө эртлэн босож, хайрцагт шарилыг эмч нартай хамжин хийх үедээ хайрцаг саванд хийж, хамт оршуулах зүйлүүдийг хийчихдэг юм байна.

Хойдохыг даасан ламаар тарнидуулсан элсийг хөл талд нь зогсоод толгой тал уруу нь 3 удаа цацаарай гэж өгсөнийг Шарилын эмч нар сурамгай гүйцэтгэдэг юм байна лээ.
Түүнээс бус хамаатан садануудаас тэгж ч хий, ингэж ч хий гэж буруу, зөв сургамжилж байсан нь тун ойлгомжгүй, хэцүү мэт байсан юм.

Оршуулахын өглөө, бүх хүмүүс салах ёс гүйцэтгэдэг зориулалтын өрөө 3-р эмнэлэгт байдгийг мэдэж авсан. Тэр өрөөнд хайрцгаа эхэлж оруулаад, хайрцаг дотроо Ясыг барих хүн нь эмч нартай хамтарч, шарилыг эмнэлгийн тэргэнцэрээс хайрцагт нь өргөж хийдэг. Энэ үед хайрцагт хийх ёстой бүх зүйлийг бэлтгэн авч очсон байх хэрэгтэй.

За тэгээд мартахаасаа өмнө бусадтай хуваалцах шашны зан үйл, ёслолуудыг бичнэ ээ

Comments

Popular posts from this blog

Замын машинаар ОХУ-ын Новосибирск хот руу аялсан товч тэмдэглэл

TEDxUlaanbaatar 2017 арга хэмжээний сэтгэгдэл, үргэлжлэл

Айлчин найзууд Монголын тухай, миний гэр бүлийн тухай