Миний мөрөөдлийн номын сан

Сайн байна уу,
Эрхэм та өнгөрсөн, өнөөгийн болон ирээдүйн номын сангийн талаар бодож, хүсэж, санал бодлоо бичиж байв уу?

Миний мөрөөдлийн номын сан

Юуны өмнө би өөрөө Хүн амын орлогын албан татвар төлөгч, эсвэл бүр очиж үйлчлүүлж байгаа номын сангийн хамаарах Хот, Дүүрэгт ямар нэг зохих татвараа сар бүр төлдөг учраас л Би өөрийн Номын сандаа очиж үйлчлүүлэх үедээ өөриймсөг байх юм.
Өөрөөр хэлбэл миний, бидний татварын мөнгөөр үндсэн санхүүжилт нь хийгддэг Номын сангийнхаа хаалгаар анх орохдоо болон жилд 1 удаа татвар төлөгчийн дэвтрээ үзүүлэн, ямар нэг хураамж төлөхгүйгээр Уншигчийн бүртгэлээ хийлгэчихнэ. Гэхдээ би хөдөөнөөс ирсэн найз эсвэл миний дүүргийн иргэн биш найзтайгаа номын санд очиход, найз маань Уншигчаар бүртгүүлэхгүйгээр зөвхөн номын сан дотор л зөвшөөрөгдсөн үйлчилгээг аваад гарах боломжтой байдаг.

Би ч гэсэн номын сангаас зөвшөөрөгдсөн материалыг гэрээр авах шаардлагагүй, мөн бүртгэлийн дугаар шаардахгүй үйлчилгээнүүдийг авахын тулд Уншигчаар бүртгүүлсэн байх албагүй гэдгээ мэднэ.
Гэхдээ л би чинь номын сангийнхаа аливаа үйлчилгээний дүрэм, санхүүжилт, олон нийтийн дэмжлэг, хандивыг хэрхэн цуглуулах, зарцуулах, хэнийг Захирлаар томилж ажиллуулах дээр анхаардаг, цаг заваа зориулдаг, мэдлэг туршлагаараа тэнцсэн учраас Удирдах зөвлөлийн гишүүнээр байнга улиран сонгогддог учраас Номын сангийнхаа идэвхитэй уншигч үйлчлүүлэгч байхаас аргагүй байдаг.

Номын сангийн өдөр тутмын үйлчилгээнд сайн дураараар ажилладаг насанд хүрсэн иргэн бүхэнд үйлчлүүлж байгаа татвар төлөгч бүр баяртай байдаг, заримдаа өдөр бүр шинэ номын сангийн ажилтантай нүүр тулан уулзаж, лавлагаа зөвлөлгөө авдаг нь надад энэ хотын иргэн бүр өгөөмөр тусч болсон байгааг батлан харуулдаг, би ч сард 1 удаа 1-3 цагийг номын сандаа ажиллахад зориулдагтаа бахархалтай байдаг. Ингэж ажиллахыг минь сайн дурын номын санч, сайн дурын туслах номын санч ч гэж нэрлээд, цагийн ажлын хөлс цалин авдаг идэвхитэй бүлэг, цалин хөлс авдаггүй над шиг 3 хүртэл цаг ажилладаг нь туслах бүлэг болж хуваарилагддаг. Энэхүү хуваарилалтыг цаг минут, ажил хөдөлмөр бүрээр нь Уншигч-Иргэн бүхэнтэй хийж, зохицуулж байдаг Цаг зохицуулагч Ахлах номын санчийн ажил үйлс өөдрөг байхаас яах билээ.

Цаг зохицуулагч ахлах номын санч шиг 5-10 мэргэжлийн номын санчид энэхүү номын сангийн маань өдөр тутмын үйлчилгээг зохион байгуулдаг, мэдээж хэрэг Захирал нь туршлагатай номын санчдын дундаас нэрээ дэвшүүлж, номын сангийн үйлчилгээ, бүхий л зүйлийг татвараа төлдөг уншигч иргэдийн сүүлчийн амьсгал хүртэлх, насан туршийн нь өдөр тутмын амьдралд нь тулгардаг мэдээлэл, харилцаа, сэтгэлгээ, хүмүүжил гэх мэт оюуны хэрэгцээг нь хангахуйц үйлчилгээг хүн бүхэнд хүртээмжтэй, ялгаваргүй, адил орчин нөхцлөөр хангах удирдлага, зохион байгуулалтыг хийж чадна гэсэн мэргэжлийн боловсон хүчин байх ба түүнийг Удирдах зөвлөл сонгон шалгаруулж, батламжилж, тодорхой хугацаанд эрх үүргийг нь Улсаас шаарддаг хэм хэмжээний дагуу тодорхойлно.
Мэргэжлийн номын санчид нь Мэдээллийн эрэлт хэрэгцээ, Иргэдийн сонирхол, хандлагад нийцүүлж Мэдээллийн сангаа бүрдүүлэх, Цаасан болон Цахим мэдээллийн сангаа зохион байгуулж, иргэдэд танилцуулж, хүргэх, Олон нийтийн хөрөнгө оруулалтыг татах, Цаг улирлын онцлогт тохирсон хөтөлбөр төслийг хэрэгжүүлэх, ажиллагсадын мэдлэг чадвар, харилцаа, сэтгэл зүйн байдлыг үргэлж өндөр байлгах, цахим болон онлайн системүүдийг хариуцах, мөн дээр дурдсанчлан ажиллагсадын цаг зохицуулах, цаашилбал шинэ үйлчилгээ, шинэ уншигчийг байнга татах ажлыг хариуцах гэх мэтээр төрөлжсөн, мэргэшсэн удирдлагын хамт олон байна.

Номын сангийн дийлэнх үйлчилгээг барилга дотор нь орж ирж авахаас гадна, онлайнаар хаана байгаа Цахим номыг үнэ төлбөргүйгээр /миний татварын мөнгөөр авсан учраас би мөнгөө урьдчилаад төлсөн юм/ 7-15 хоногийн хугацаатай татан авч, уншиж танилцаж, улмаар онлайн болон оффлайн хосолмол клубт уншиж ойлгосноо ярилцаж, мэдээлэл авах, харилцаанд зориулагдсан төрөл бүрийн дэвшилтэт технологид суралцаж, ашиглаж, хэсэг бүлгээрээ эсвэл ганцаараа чимээгүй болон уулзалтын төрөл бүрийн өрөөнөөс сонголтоо хийж, өрөө ашиглах журмын дагуу хэрэглэх, хүний хөгжлийн олон талт арга хэмжээний зарлалыг 1-2 сарын өмнө хүлээн авсаныхаа дагуу сонирхсон арга хэмжээндээ чөлөөтэй оролцох гэх мэт миний, бидний чөлөөт цаг, мэдээлэл чөлөөтэй хүртэх, насан туршдаа суралцах хэрэгцээг минь хангаж байгаа учраас л номын сан миний 3 дахь, заримдаа 2 дахь ч гэр болж чаддаг.

Тухайн хот дүүргийн хүн бүр яагаад номын сандаа очиж, эсвэл онлайнаар үйлчлүүлэх дуртай, дургүйг нь санал асуулга, уулзалт ярилцлагаар тодруулан мэдэж, улмаар шаардлагатай арга хэмжээг авах нь хүн бүрийн зорилго мэт байдаг, учир нь хүн бүр соёл боловсрол, мэдлэг, мэдээллийг сургууль соёлын газраас сонсож дуулдаг ч өөртөө наалдуулж зан чанар болгоход тусладаг газар нь номын сан гэдгийг хүлээн зөвшөөрөхүйц номын сангийн үйл ажиллагаа нь тэднийг соронзон мэт татаж, улмаар олон хүмүүсийн дунд хүн болж төлөвшдөгийг дахин дахин батлана.

Эрхэм та үргэлжлүүлнэ үү ... Мөрөөдлийн номын сангаа төсөөлнө үү ...

Мөрөөдөж байсан,
J.Begzsuren

Mobile: 99861326
FB/TW/LinkedIn/Skype/SlideShare : jbegzsuren

---
head, Library and Information Technology Association
board member, Mongolian Libraries Consortium
Family Ambassador, Couchsurfing
Independent distributor, Herbalife

 Please consider the environment before printing this email.

Comments

Popular posts from this blog

Замын машинаар ОХУ-ын Новосибирск хот руу аялсан товч тэмдэглэл

TEDxUlaanbaatar 2017 арга хэмжээний сэтгэгдэл, үргэлжлэл

Айлчин найзууд Монголын тухай, миний гэр бүлийн тухай