Tuesday, November 06, 2007

Хүн зөв өдрөө нас барах хэрэгтэй юм байна

- Хагас сайн өдөр хүн нас барах Үлдсэн хүмүүстээ муу байдаг, заавал араасаа хүн дагуулж үхүүлдэг ч гэж ярьдагийг та хальт сонссон байх.

- Нас барсан талийгаачид өөрт нь зориулж Уншуулах номууд гэж байдаг гэнэ. Ямар номуудыг өөрт нь зориулж уншуулахыг Алтан савыг нь нээсэн Лам хэлнэ.
Тэдгээр номуудын ганц нэг нь зөвхөн Ням гаригт л, сарын сүүлийн өдөрт л уншдаг ном гэх юмуу тодорхой нэг өдөр уншдаг номыг нь Оршуулах ёслолоос нь өмнө уншуулах уу, дараа нь уншуулж болох уу гэдгийг ламаас асууж мэдэх, зохицуулах хэрэгтэй юм шиг санагдсан.

- Нас барсан хүний ажил явдлыг хөөцөлдөхөд Улаанбаатар хотод МАШИНЫ ТҮГЖРЭЭ саад болдог, ихээхэн цаг авдаг байх. Иймд Хотын машинууд хөдөө орон нутагт болдог ДАНШИГ НААДМУУДАД явчихсан тэр үеэр тааруулж нас барах нь өлзийтэй сайн мэт.

- Буяны ажил явдлыг хөөцөлдөхөд бага ч гэсэн буян номын мэдлэгтэй нэг хүн ахлах, хөөцөлдөх ажилд унаа машинтэй 2-3 өөрийн хүн туслах нь аль ч талаа бодсон ажлыг бүтэмжтэй сайн болгодог. Түүнээс бус буян номын ажилд сэтгэл санаагаар унасан, хүнтэй ярилцаж чаддаггүй, ажил бүтээхэд маруухан нэгэн гадуур дотуурх ажлыг хөөцөлдөөд хэрэггүй байх даа. Ёстой мэдэхгүй юм даа.

Үхэр тань өвчилбөл

- хөх дээр нь үү гарвал Цэвэр усаар угаах, цагаан стерпизид эмийг түрхдэг гэсэн. Үнээгээ саахдаа гараа сайн угаагүйн улмаас л ингэж хөх нь гэмтдэг гэсэн. Хөх нь гэмтсэн үхэр хөлөөрөө цавчих үйлдэл хийдэг юм болов уу.

- Үнээгээ нарийн уяагаар байнга эвэрдийлбэл, уяа чинь үхрийн тань эврийг угаар нь үрж, улайлгаж, цус гаргадаг юм байна. Үүнээсээ болоод үхэр тань сэжлэх, мөргөх гэж оролддог юм байна.

Өвөл үхрээ тэжээхдээ хоол тэжээлд анхаарах

- ясны шөл уулгах
- адууны шөл их сайн, тэнхрүүлдэг гэнэ
- адууны элэг мэтийг жижиглээд ч үхэртээ өгдөг гэх юм
- болж өгвөл хөлөөр нь явуулж, өвс идүүлэх нь сайн гэнэ
- үхэртээ чийгтэй өвс буюу гол усны сав дагуу ургасан, усархаг өвс идүүлснээс уулын хажуу, орой, бэлд ургасан тачир, хуурай өвс идүүлэх гэж зүтгэж байна.
- Боодол өвс, тээврийн зардал нэг өвснийх 400 төгрөг, нийтдээ 2400 төгрөг болж байгаа ба 1 тугалтай үнээнд 2 өдөрт л нэг боодол өвсийг идүүлж байна, ихдэж байна уу, багадаж байна уу мэдэхгүй юм даа. Өдөрт 2 удаа буюу өглөө 9-10 цаг, өдөр 13-15 цагт өвсөө тавьж өгч байна.
- Ногооны хаягдал авчирч өгч байх нь сүүг ихэсгэхийн зэрэгцээ үнээг тань гэдэс цатгалан байхад их нэмэртэй юм аа. Ногоогоо хөлдсөн, хайрагдсан байвал дулаан газар байлгаж, гэсгээсний дараа үхэртээ идүүлэх нь зүйтэй.
- Хөлдүү төмс өгвөл гэдэс нь дүүрч, үхэх аюултай гэсэн. Хэрвээ хөлдүү төмс ихээр идэж, гэдэс нь дүүрсэн бол ЯАДАГ гэлээ дээ, аа нээрээ, үнээний өөрийнх нь шээсийг лав уулгадаг гэсэн.
- шөл сайн гардаг чөмөгтэй, цул яснуудыг Хүнсний захуудаас олж авах хэрэгтэй. Ясаа чанаж шөлийг нь өтгөн байвал усаар шингэлж үхэр, тугалдаа өгөх хэрэгтэй.

Бид хоолондоо хэрэглэх хүнсний ногоог худалдаж авахгүй

Үнээ маллаж эхэлсэн маань бидэнд дараах давуу талыг өгч байна гэлтэй:
- Хүнсний захуудаас хаягдсан байцааны хальс, муудаж гэмтсэн төмс гэх мэт бүхий л төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнийг үхэртээ авчирч өгөх үедээ

хүний андуураад хийчихсэн, эсвэл ялгаж авахаасаа залхуураад, заримдаа ядарсанаасаа болоод яахав яахав хаячихая гээд хийчихсэн, ялгаж аваад хүнсэндээ хэрэглэж болохуйц төмс хүнсний ногоог бид 2007 оны намраас эхлэн хүнсэндээ хэрэглэж эхэллээ.

Ногооны хаягдал дотроос хүнсэндээ хэрэглэхүйц ногоог авч байгаадаа ҮХЭРТЭЭ л баярлаж байна даа.

Хэцүү нь гэвэл, орой бүр 1-2 шуудай ногооны хаягдалыг гэртээ авчрах асуудал л бага зэрэг хэцүү, заримдаа бохир юм даа.

Friday, October 12, 2007

2-р ангийн мөнгөн татаасууд

- вок 1ш, саван 1ш
- Сурагчийн цахим картны 10000 төг
- Сурагч сонин захиалгын 2500 төг - сонин захиалбал номын бэлэгтэй - захиалахгүй байсан ч болно гэсэн.
- Эрхэмлэх ёс ном - 1800 төг
- Жижиг наалддаг зураг - 120ш-тэй нь 100 төг

Wednesday, October 03, 2007

Ногооны хаягдал Үнээ тэжээхтэй хослож байна

Ногоо зардаг хүмүүст байцааны навчууд болон бусад муудсан ногоонууд их гардаг юм байна.

Ногооны хаягдлуудыг шуудайлан авч, гэртээ хүргэж чадах юм бол үхэр нь ямар ч ногоог тэр бүү хэл тарвасны хальсыг хүртэл амтархан иддэг юм байна.

Ногооны хаягдлаасаа гялгар уут, тамхины иш, төрөл бүрийн цаасуудыг нь ялгаж үхэртээ өгдөг.

Зарим нэг ногоо зардаг хүмүүс нь ногооны хаягдлаа зарах гээд байдаг ч үнэгүйгээр хамаад авахыг зөвшөөрдөг хүмүүс олон бий.

Ногооны хаягдлаасаа зарим нэг хүн идэж болохуйц, бага муудсан хүнсний ногоонуудыг нь ялган авч, тэр дор нь анхан шатны боловсруулалт хийж хадгалах, хүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна. Ингэх нь ногоог тарьж ургуулсан хүмүүсийн хөдөлмөрийг хүндэтгэж байгаа хэрэг болно.

Боодол өвс 2000 төгрөгийн үнэтэй байна

Хархорин захаас баруун тийш, Сонсголон-ийн замд өвс ачсан машинууд хот уруу орж ирээд тэнд зогсож, өвсөө худалддаг юм байна.

Бас Дамбадаржаагийн гүүрний зүүн талд өвстэй машинууд зогсож, өвс зардаг гэж сонссон.

Би Сонсголонгийн тийш хагас бүтэн сайн өдрүүдэд очиж, 99180456 утастай Од нэртэй ахтай танилцаж өвснөөс нь 100 боодлыг худалдан авлаа.
Өглөө эрт очихгүй л бол эрэлт ихтэй үед өвстэй машинуудыг хүмүүс өвсийг нь задлалгүй, машин машинаар нь авчихдаг юм байна.

Өвсийг худалдаж авахдаа шивээ ихтэй эсэхийг нь харах хэрэгтэй гэж хажуу айлын маань эгч надад зөвлөсөн юм. Өвс авахаар очих үед хүмүүстэй ярилцахад, шивээ ихтэй өвс нь харлаж, бараантаж харагддаг, малын гэдэс дотроос хатгаж зовоодог, шим тэжээлгүй зэргийг мэдэж авлаа.

Сайн өвс нь үнэртэхээс гадна ногоон өнгө давамгайлсан байдаг юм уу даа.

Өргөхөд өвс хөнгөн гэдэг дээ. Өвс нь овор ихтэй байдгийг бас л сая мэдлээ. 100 боодол өвсийг хашаандаа авчрахын тулд 40000 төгрөгөөр ВОНГО ПОРТЕРоор зөөлгөж Баянхошуунаас Дарь эхд авчрах, авчирсан хойноо ямар савандаа хийж хадгалах нь асуудал юм байна лээ.

Өвсийг гэр байшиндаа ойрхон, салхин дээрээ хураах нь ГАЛЫН аюултайг анхаарахыг хүмүүс бас зөвлөж байлаа. Хуурай өвс нь галд амархан автамтгайг бүү мартаарай.

Үнээ маань биднийг тэжээсээр

Өглөө орой саагаад нийтдээ 5 л сүү гардаг үнээ маань буянтай юм аа.

Миний ам бүл 6. Дөрвөн хүүхэд маань хааяа хааяа тараг уучихна, сүү хөөрүүлсэний маргааш өглөө бага хоёр нь нэг аяга хусмаа хуваагаад идчихнэ.
Өдөр бүр шахуу сүүний хоол идчихнэ.

Бид нар үнээ тугалаа сайн хариулаад, буяныг нь хүртээд байхаас өөр амьдрал хэрэггүй мэт ээ.

Энэ зун бараг өдөр бүр 5 л гэхлээр 300л сүү саасан байна лээ, тэр их сүүгээ мөнгөөр бодвол 300л х 300 төг буюу нийтдээ 90000 төгрөгийн сүүг хэрэглэсэн байгаа юм.

Миний аавын ээж Цэрэнбалтав нь Дамбадаржаад амьдардаг, миний ээж, хадмынх, хадам аавын ээж Хайлаастад, хажуу айлын эмээ, хажуу айлын эгч гээд хааяа хааяа сүү өгч буян үйлддэг айлуудтайдаа баяртай байна.

Үнээ тугалаа Сэлбэ голд бэлчээрлүүлж байна

Сэлбэ голд байгаа гялгар уут, хувцас хунар, зайрмаг боов чихэрний цаас, тамхины иш, эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэсэн хэрэглэл нь урсах нь урсаж, лаг шаварт шигдэх нь шигдэж мөн ч хэцүү байна даа.

Дамбын айлуудын тэндээс Хивс, ширдэг, машинаа угаасан угаалгын нунтаг, савангаар бохирлогдсон урсгал ус нь элдэв хогоор баяжсаар чадвал Туул голд цутгана, чадахгүй бол Нарантуулын баруун талд очоод голын ай саваар нэг тарна.

Өөр ус байгаа биш, үнээ тугал төдийгүй зарим нэг айл ийм усыг уухаас ч аргагүй байдалтай байна.

Гол дагуу ургасан өвс нь малд сайн тарга хүч өгдөггүй, цатгасан байдалтай болгодог гэж малтай хүмүүс хэлэх юм. Үнэн байх аа. Их л чийгтэй өвс байдаг юм. Намар уул руугаа бэлчээвэл өвс сайтай, тарга хүч авахад хэрэгтэй гэж бас зөвлөж байна.

Голоо дагаад өвс идэх ч яахав, болж байна. Гэтэл үнээ тугалыг минь болж л өгвөл хулгайлчих санаатай АЖЛААС ЗАЛХУУРСАН, АМАР ХЯЛБАРЫГ ЭРЭЛХИЙЛСЭН залуус-ноходыг яана билээ дээ.

Үхрийнхээ араас байнга л НҮДЭЭ БЭЛЧЭЭЖ, СЭТГЭЛЭЭ ЗОВООХООС аргагүй байна даа.

Дарь эхд хашаандаа үнээ тугалаа авчирлаа

Аавыг бурхан болсны дараа үнээ тугалаа Дарь эхд хашаандаа авчирлаа.

Миний хүү Б.Төгөлдөр аавтайгаа хамт өглөөний 6 цагт 120-р цэргийн ангиас тугалтай үнээгээ хөтлөн алхаж явсаар шөнийн 23 цагт Дарьэхд байгаа гэртээ авчирч билээ.

Үнээ дассан газраасаа холдохлоор хэвтэж өгөөд байдаг нь нэг бодлын ядарч дээ, нөгөө бодлын баашлаад байна уу гэмээр санагдсан.
Ингэж хүү бид хоёр хамгийн багадаа Портер машинаас үнээ, тугал авчрах 25000 төгрөг, цаашилбал 35000 төгрөгийг хэмнэж, өдөржингөө УБ хотын элдэв зүйлийг ажигласаар гэртээ ирсэн.

Тугалтай үнээ 350000 төг-р авлаа

УБ хотын баруун урд талд, нисэхээс баруун урагш байрлах Шувуун фабрикийн наахантаа 120-р цэргийн ангид ээжийн маань төрсөн дүү ажиллаж амьдардаг.
М.Туул эгчийн нөхөр О.Нямсүрэн нь хотод цэргийн ангид ажилладаг байхад эхнэр нь хотын баруун урд зүгт нэг талдаа 600 төгрөгийн нийтийн автобусаар зорчдог хол газарт хүүхдүүдтэйгээ амьдардаг нь нэг бодлын хэцүү ч юм шиг. Нөгөө бодлын нийгэм ингэж л урагшилдаг юм байна даа ч гэх бодол орж ирэх шиг.

Туул эгч 120-р цэргийн ангийн тэнд хувийн малтай айлын настай эгчтэй танилцаж, тэр хүний сэтгэлийг татаж чадсан тул, жирийн үед 400000 төгрөгөөс бага үнээр олдохгүй тугалтай үнээг 350000 төгрөгөөр аав ээж хоёрт минь авч өгч, хашаандаа гэрт байлгаж, 2007 оны 6 сард зусланд гаргасан тусалсан түүхтэй.

Friday, September 21, 2007

2-р ангид хэрэглэсэн сурах бичгүүд

Дэлгэрсайхан эгчийн хүү Ариунбаярын хэрэглэж байсан номуудаа (6000 төг) өгсөн:

Зураг урлал 2. Соёмбо принтинг ХХК. - 2800 төг
Замын хөдөлгөөний цагаан толгой 2 анги. - 1500 төг
Монгол хэл 2 дасгал ажлын дэвтэр - 1100 төг
Монгол хэл 2 Унших бичиг - 3500 төг


Пүрэвбатын хүү Мөнхийн хэрэглэж байсан номуудыг авсан.

Зураг урлал 2. Адмон ХХК. - 1950 төг
Монгол хэл 2 Унших бичиг - 3500 төг
Монгол хэл 2 Дасгал ажлын дэвтэр - 1100 төг
Математик 2 - 1850 төг
Математик 2 Сурагчийн дасгал ажлын дэвтэр - 1750 төг

Дэлгүүрээс

Хүн байгаль Дасгал ажлын дэвтэр 2 анги - 1300төг
Хүн-байгаль 2-3 анги - 3000төг
Хөгжим 1 (1-3 анги) - 3600төг

Алтан савыг нээхэд

Нас барсан хүний Алтан савыг нээх гэдэг бол хамгийн эхний зайлшгүй алхам юм байна.

Алтан савыг лам бүр нээдэггүй, тодорхой хэдхэн лам байдаг гэж сонссон.
Миний аавын алтан савыг Гандантэгчинлэн хийдийн зүүн талын гэр хорооллын зүүн талд байдаг Гэсэр сүмийн хамба Гончигсүрэн лам нээсэн.

Алтан савыг нээлгэхээр очсон хүн Ламдаа барих цэнхэр хадаг, дээлийн торго, өөрсдийн бодлоор мөнгө төгрөгөө бэлтгэж очихоос гадна үзэг, цаас авч очиж, ламын хэлсэн үг бүрийг алдаа мадаггүй бичиж авах нь зөв юм байна.

Алтан савыг нээхдээ лам нь таниас талийгаачийн төрсөн оныг, ямар жилтэйг асууж, харицуулан үзээд, нас нь жил, төрсөн онтойгоо тохирч буйг нягталсны дараа, нас барсан хүнийг оршуулахтай холбоотой 13-15 зүйлийг нэг бүрчлэн хэлж дууссаны дараа ламаас тодруулж асуух сэтгэлд хургасан бодлууд, төрөл төрөгсөд, ах дүүгийн нь асуугаарай гэснийг алдалгүй асууж, хариултуудыг бичиж авах нь зүйтэй.
Жишээлбэл, талийгаачийг гэртээ авчирч, гэрээсээ хөдөөлүүлж болох уу, одоо бол эмнэлгийн шарил хадгалах газарт байгаа гэж асуух ч юм уу.
Лам асуулт бүрт тань зохих нэг л хариултыг өгөх ёстой юм. Ямар нэг эргэлзээ бодолтойгоор ламын өрөөнөөс гарч хэрэггүй шүү.

Дараа тодруулж асуух зүйл гарч магад гэж бодоод ламынхаа утсыг авах нь зөв.

Миний аавын алтан савыг нээхэд:
- Өнгөрсөн өдрөөс 25 хоног дээр буян номыг сайн үйлд
- 7 ам бүлтэй айлын засал: Гурван гүрэм, Жанаг чагдаг, Сундуй, Дашзэвэг, 8 гэгээн
- Бар, туулай жилтний засал: Ногоон дарь эх, Ширнэн, Санжид Молом, Дүншиг, Нийтийн ганшиг

Ямар жилтэй хүн эхэлж яс барих, 25 хоног дээрх буян үйлдэх, 7 ам бүлтэй айлын засал зэрэгт тодруулж ойлгох зүйл байдгийг энэхүү блогын бусад хуудаснуудад бичсэн байгааг олж үзээрэй.

Оршуулах ёслолд хэлсэн үг - бидний амлалт

Миний аав 1953 оны 9 сарын 3-нд Сүхбаатар аймгийн Халзан сумын Хатавч гэдэг газар Хар үхэрт Дулмаагийн ууган хүү болж мэндэлсэн.

1961 онд Омск хотод трактор, комбайнчны мэргэжлийг эзэмшиж, Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйд тракторчинаар ажиллаж байгаад 1978 онд мэргэжил дээшлүүлэх механик инженерийн курсыг төгсөж ТАА-даа механикчаар ажиллаж 1975 оноос 5,7-р таван жилийн гавшгайч, байгууллагын Хөдөлмөрийн аварга, тэргүүний ажилтан залуу Алтан медаль, ХАА яамны хүндэт жуух бичиг зэрэг шагналуудыг авч байсан ч,

Энэ бүх шагналаас хэд дахин илүүд тооцогдох нэгэн шагнал бол хүн бүхний хайр хүндэтгэлийг хүлээж, эгэлгүй дотно санагдах Онгороо Жаамаа хэмээх алдар билээ.

Тэр хүн хэзээ ч өөрийн төлөө амьдарч байгаагүй бөгөөд таньдаг таньдаггүй хүн бүрийн тусын тулд амьдарч өөрийн нэгэн биеийн амьдрал, бие сэтгэлээ зориулжээ.

Бие сэтгэл элэгдэн доройтож 2001 оноос хүнд өвчинд нэрвэгдэж 7 жилийн тур өвдөн шаналж байх хугацаандаа сар бүр эргэж тойрч байсан 9 дүү, тэр дундаа барилгын ажил хийсэн мөнгөөрөө сүү бариад ирж байсан Ганжуурбаатарт, мөн мөр зэрэгцэн ууж наргиж явсан журмын нөхдөд нь зүрх сэтгэлийн гүнээс баярлаж буйгаа илэрхийлье.

Миний аав үр хүүхэд бидэндээ насаараа хураасан эд хөрөнгө, техникээ өвлөн үлдээгээгүй ч
ямар ч эд хөрөнгө, мөнгөөс 1000 дахин илүүгээр үнэлэгдэх зориг тэвчээрт зан чанар, хүнийг хайрлах энэрэнгүй нинжин сэтгэлийг өвлөн үлдээсэн нь тэр хүнийг эд мөнгөний боол биш, оюун ухааны эзэн хүн гэдгийг батлан харуулах буй за.

Та минь үр хүүхэд ураг садан биднийхээ зовлонг хугаслан, бэрхийг үүрэн дээд тэнгэртээ одсон ч мөнх хөх тэнгэртэй хамт дээрээс тольдон биднийгээ ивээж буй билээ.

Түмэн жилийн настай мод наран өөд тэмүүлэн ургадгийн адил өвөг дээдсээс үндэслэн аав таниар минь улбаалан цэцэглэсэн ураг төрлийн саглагар модны үр жимс, салаа мөчир нь болсон 5 хүү, 6 ач зээ, 9 дүү нар чинь залгамжлан цэцэглүүлж тэрхүү модны суу алдрыг тэнгэрт хүргэхийн тулд эв эеийг хичээж оюун билгийг эрхэмлэн, ажил хөдөлмөрийг дээдлэнэ гэдгээ гэгээн мэлмийн тань өмнө амлаж байна.

Аав минь та бидний дэргэд байхгүй хэдий ч ариун сүнс тань бид бүгдийн яг хажууд байж

Амьддаан бие биеэ хайрлаж
Архи тамхи, муу зуршлаас ангид байж
Эрүүл бие саруул ухаан, амгалан сэтгэлийг цогцлоож
Залхуурал айдсыг ялан дийлж
Ажил үйлсийг шүтэн
Хүн төрөлхтөний сайн сайханы төлөө санаа зорилгоо чиглүүлж байхыг сургаалан захих байсан.

Хүү Ж.Бэгзсүрэн
Хүү Ж.Ганжуурдалай
Охин Ж.Хорлоо
Хүү Ж.Лувсандорж /оршуулах ёслолд хэлсэн үгийг бэлтгэсэн/
Хүү Ж.Дамдиндорж

Бас л мартаж болохгүй

- Оршуулах газрыг анх хөндөхдөө байгаль дэлхийгээ аргадаж, ном уншуулж, идээ будаа өргөсний дараа хөндөж, тэг тавьж, зурдаг юм байна.
Газар руу явахдаа самбай хадаг, цайны бүтэн идээ, багахан тавгийн идээ засах печень, чихэр, сүү, мөн арц, хүж, арц хүжээ баагиулах шүдэнз, хуурай аргал хомоол авч явдаг юм байна.

Газар руу авч явж байгаа хадаг нь самбай төрлийнх байдгийг, сүү нь 500 граммаас багагүй, 1 л орчим байх ёстойг анхаараарай.

2-р анги.

31-р сургуулийн 2Б ангийн сурагч хүү Б.Төгөлдөрийнхөө хичээл сургалтыг хариуцаж байдгийн хувьд сургууль, багш, сурагч, эцэг эхийн хооронд болж буй үйл явдлуудыг Бусад иргэдэд санаа авах, тус болох байх гэсний үүднээс БЛОГ болгон бичиж байгаа билээ.

Сурах бичгийг яаран худалдаж авсанаас хичээл эхэлснээс хойш сайн тодруулж, аль компанийн хэвлэсэн хэн гэдэг зохиогчтой, ямар хавтастай сурах бичгийг авахаа мэдсэний дараа л худалдаж авч байгаасай.

Шууд л дэлгүүрээс худалдаж авахын өмнө, таньдаг найз нөхөд, хамаатан садныхаа хүүхдүүдийн хэддүгээр ангид элсэн орж байгааг асууж, хуучин сурах бичгүүдээ яах гэж байгааг нь асуух, мөн Нарантуул зах, Багшийн дээд, Урт цагааны хуучин номын худалдаанаас очиж ариг гамтай хэрэглэсэн сурах бичгийг 500-1000 төгрөгийн хямд үнээр худалдан авч өгөх нь зөв юм байна.

Миний хүү энэ удаад, номын сангийн фондын номын санч Дэлгэрсайханы хүү -ийн 2-р ангийн сурах бичгүүд, миний их сургуулийн анд Пүрэвбат, Сувдэрдэнэ нарын хүү Мөнхийн 2-р ангийн номыг авч хичээлдээ хэрэглэж байна.
Пүрэвбат, Сувдэрдэнэ нарын өгсөн нийт 10500 төгрөгийн үнэ бүхий 5 номыг бидэнд үнэгүй өгсөн нь бахархууштай хэрэг болсон.

Мартахаасаа өмнө

- Өнгөрсөн өдрөөс төд дэхь хоног дээр буян сайн үйлд гэж Алтан сав нээхэд гарч ирдэгийг бид хөдөөлүүлсэн лам Батсайхантайгаа ярилцсанаар,

аав маань 4 дэхь өдөр нас барсан тул түүний өмнөх өдөр 3 дахь өдөр бүр буянаа сайн үйлдэж байхаар сольсон юм.
Ганцхан өдөр их мөнгө төгрөг зарцуулан барин буян үйлдэж байснаас нас барсан хүндээ 7 хоног бүрийн нэг өдөрт зориуд буян үйлдэж байх нь зөв гэж Батсайхан лам зөвлөсөн юм.

Учир нь шашны номондоо талийгаачид зориулж бүтээлгэсэн бурхан нь талийгаачийг хөтлөн явж 7 хоног бүрийн нас барсан гаригт нь буян нүглийг нь дэнслүүлж, нийтдээ 7 удаа дэнслүүлсний эцэст дараагийн сайн төрөлд нь хүргэдэг ёсыг тайлбарлуулан мэдэж авсан юм.

- Төдөн ам бүлтэй айл тийм ийм заслын ном уншуулаарай гэж Алтан савыг нээхэд хэлдэгийг бас дараах байдлаар зөв ойлгох ёстойг Батсайхан лам хэлж өгсөн:

Нас барагчийн хамаатан саднуудад, эсвэл оршуулгын ёслолд ирж оролцож байгаа айл өрхийнхөн тэр үед хэдүүлээ нэг гэртээ амьдарч байгаатай хамаатайгаар энэ тоог ойлгоорой гэсэн юм.

Жишээлбэл, Алтан савыг нээхэд 8 ам бүлтэй айлууд тийм тийм заслын ном уншуулаарай гэж гарсан гэж бодъё.
Тэгвэл хэн нэг ураг төрлийн нь 8 ам бүлтэй айлын том хүү нь эхнэр аваад тусдаа гарсан бол тэр айлыг 7-уулаа амьдарч байгаагаар тооцох нь зөв юм байна.

Өөр нэг жишээ гэвэл, хэн нэгэн нь тухайн үед өөр газар оронд яваад гэртээ байхгүй байсан бол 8 ам бүлтэй гэдэггүй юм байна.

Харин аав ээж 5 хүүхэд нийлээд 7 ам бүл мөртлөө эмээ, эсвэл өвөөтэйгээ 8-уулаа нэг гэрт амьдарч байсан бол заслын номыг нь уншуулах нь зүйтэй гэнэ.


- Сүнсийг хооллодог сүрийн гурил гэдэг зүйлийг Хөдөөлүүлэх ёслолыг үйлдэх ламаасаа хөдөөлүүлэхээс өмнөх өдөр нь ном уншуулаад авах хэрэгтэй юм байна,
тэр гурилаа орой бүр баруун хаянадаа аргалын цог дээр уугуйлаж хэрэглэнэ. Тэрхүү сүрийн гурилын утаагаар нь сүнс хооллодог гэж шашны номонд заасан гэнэ.

- Алтан сав нээхэд хайрцагт нь хамт хийж оршуулаарай гэдэг 9-н эрдэнэ, нөмрөг, толгойн хадаг, талийгаачийн эдлэж хэрэглэж байсан зүйлсээс авч үлдэж хэрэггүй гэх мэт зүйлүүдийг
Оршуулах ёслолыг үйлдэх өглөө Шарил хадгалахын эмнэлгийн эмч (Батсайхан 99289191) нартаа өгч, тэднээр туслалцуулж, зааврыг нь дагаж
шарилын хайрцаг дотроо шарилаа тойруулан эвтэйхэн хийж, тагыг хагас нээх үед ил харагдахгүйгээр, унжиж цувахгүйгээр хийдэг юм байна лээ.

Хөдөөлүүлэхийн өглөө, эмнэлгээс шарилыг авч хайрцагт нь хийхдээ Алтан савыг нээхэд хэлж өгсөн ямар жилтэй хүн байна, тэр хүн нь өглөө эртлэн босож, хайрцагт шарилыг эмч нартай хамжин хийх үедээ хайрцаг саванд хийж, хамт оршуулах зүйлүүдийг хийчихдэг юм байна.

Хойдохыг даасан ламаар тарнидуулсан элсийг хөл талд нь зогсоод толгой тал уруу нь 3 удаа цацаарай гэж өгсөнийг Шарилын эмч нар сурамгай гүйцэтгэдэг юм байна лээ.
Түүнээс бус хамаатан садануудаас тэгж ч хий, ингэж ч хий гэж буруу, зөв сургамжилж байсан нь тун ойлгомжгүй, хэцүү мэт байсан юм.

Оршуулахын өглөө, бүх хүмүүс салах ёс гүйцэтгэдэг зориулалтын өрөө 3-р эмнэлэгт байдгийг мэдэж авсан. Тэр өрөөнд хайрцгаа эхэлж оруулаад, хайрцаг дотроо Ясыг барих хүн нь эмч нартай хамтарч, шарилыг эмнэлгийн тэргэнцэрээс хайрцагт нь өргөж хийдэг. Энэ үед хайрцагт хийх ёстой бүх зүйлийг бэлтгэн авч очсон байх хэрэгтэй.

За тэгээд мартахаасаа өмнө бусадтай хуваалцах шашны зан үйл, ёслолуудыг бичнэ ээ

Тус болсон хүмүүс их байнаа

Бурхан болсон аавын маань эхнэр, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамаатан садан, найз нөхөд гээд бүхий л хүмүүст бид аавынхаа хойдын буяны ажлыг сайн гүйцэтгэсэн, цаашид ч буяныг хичээж амьдарсаар, өөрсдөө ч үр хүүхэддээ буянаа харуулж өөд болно гэж бичмээр санагдлаа.

- Даваажав
- Б.Насанжаргал
- Нямсүрэн
- Ё.Наранцэцэг
- Д.Цэцгээ, Д.Шинэжил
тэргүүлэн
- Эмч, сувилагч, асрагч нар
- Ээжийн эгч, дүү нар
- Аавын ээж, аавын дүү нар
- Аавын хамаатан, садангууд
- Номын сангийн удирдах ажилтанууд, Нярав Оюунаа эгч, номын санч Ж.Энхтуяа
- Далайгийн ажлын Ус оюу ХХК-ийнхан, Хорлоогийн найз нөхөд, Лукагийн найзууд, Дамиагийн ажлынхан
- Миний хадмын талынхан, эмэгтэй дүүгийн хадмын талынхан
- Миний их сургуулийн ангийнхан
- Аавын найз нөхөд
нартаа хүн чанараа харуулж, буяны ажилд тус болсонд талархал илэрхийлье.

Лам нарын тус, тэдний утас

Алтан савыг нээсэн - Гэсэр сүмийн хамба лам Гончигсүрэн: 99092007
Газар хөндөх ёсыг гүйцэтгэсэн - Эрдэнэбаяр лам 99125516
Хойдохыг даасан - Гандан хийдийн хойдохыг даадаг ганц лам
Хөдөөлүүлэх ёсыг үйлдсэн - Батсайхан лам 91158093

Б.Насанжаргал ах маань Цэцэгээ эгч бид хоёрыг Гэсэр сүмд хүрээд ир, би цаанаас ирье гэснээр бидний шашин номтой холбоотой ажил эхэлж, бүх зүйл амжилттай сайхан болсон билээ.

Алтан савыг нээх ламдаа цэнхэр хадаг, дээлийн торго барьдаг ёстой юм байна.
Газар хөндөх ёсыг гүйцэтгэсэн ламдаа хадаг, 30000 төгрөг барьсан.
Хойдохыг даасан ламдаа нас барсан хүний нэр, хүйс, нас, хэзээ бурхан болсныг бичсэн цаас, хадаг, дээлийн торго, 30000 төгрөгийг заавал гэрт нь аваачиж өгч барьдаг ёстой юм байна.
Хөдөөлүүлэх ёсыг үйлдсэн ламдаа хадаг, 60000 төгрөг барьсан.

Дээрх мөнгө нь бол заавал байх ёсгүй юм билээ. Бид л буян санаж, тус болж байгаад тань талархаж байна, цаашдын буяны ажилдаа зарцуулаарай гэж өгсөн хэрэг юм.
Лам нартаа дээлийн торго өгдөг нь лам хүнийг хүндэтгэж, эрт дээр үед даавуу, торго ховор байх үед үүссэн лам хүнийг шалдан явуулахгүй байх ёс горимтой холбоотой гэж ойлгосон.

Аавыгаа хөдөөлүүлэх ажлын маань товч тайлан

1. Аав маань эцсийн амьсгаагаа хураасны дараа СХД-ийн эмнэлгийн асрагч ажилтан аавын маань цогцосыг хэрхэн зөв байдлаар нойрсуулахыг гүйцэтгэж байгаа нь мэргэжилдээ үнэнч, тусч хүний занг харуулж байлаа.

2. СХД-ийн тэр оройн жижүүр эмч хэрхэн шарилыг хадгалуулах, нас барсан тухай эмнэлгийн магадлагаа бичиг, шарилд задлан хийлгэх эсэхийг асууж байгаа зэрэг нь бидэнд аливааг ойлгож мэдэх, цаашдын ажилд тустай болсон.

3. Аавыгаа бурхан болсныг ах дүү төрөл төрөгсөд, найз нөхдөд нь утас, мессежээр мэдээ хүргүүлэх ажлыг цаг алдалгүй хүргэх нь зүйтэй байдаг юм байна лээ. Бид мессежендээ аавынхаа нэрийг бичих, эсвэл мессежийг илгээж байгаа өөрийнхөө нэр, ээжийнхээ нэр зэргийг дурдаагүйгээс болж ганц нэг айлыг сандаргах, чухам хэн нас барчихаад байгааг зөв ойлгуулаагүй алдаа сүүлд харагдсаныг санууштай.

4. Орой ээжийн гэрт ээжийн хүргэн ах Даваажавын зөвлөлгөөнүүд, аав тань олонтойгоо хүн байсныг санаарай, машин тэргийг засдаг бурхан хүн байсныг санаарай, хөдөөлүүлэх, чандарлахаа үлдэж байгаа гэргий, дүү нартайгаа зөвлөлдөхийн зэрэгцээ аавынхаа ээж, аавынхаа дүү нартай заавал зөвлөлдөж шийдэх нь зөв зохистой, дараа нь эргэлзээ тээнэгэлзээгүй байдгийг учирлан надад тайлбарлаж байсан нь мөн ч их тустай байлаа.

5. Орой би ажил дээрээ ирж, дүү нар, ээжтэйгээ хамт зургийн альбомоос сонгож авсан аавынхаа зургийг компьютерт оруулж, томруулж 3 хувь хэвлэж, УБ Буян компанийн мэдээллийг интернэтээс хайж үзсэн нь маргаашын хөөцөлдөх ажлуудад бага ч гэсэн хэрэгтэй байсан.

6. Аав маань үдээс хойш нас барсан тул маргааш өглөөнөөс нь хөдөөлүүлэх ажлыг би хариуцан авч, будаалуулах ажлыг дүүдээ хариуцуулан, гэр орны ажилд бусад 3 дүү маань ээж болон хамаатануудад туслахыг хуваарилсан байсан тул, миний ажил маргааш өглөөнөөс нь эхэллээ.

7. Алтан сав нээх ламд очих, хайрцаг, чулуу бэлтгэх, газар авахдаа лам авч явах, нас барсныг бүртгүүлэх, оршуулгын үед хийгдэх зан үйл, ёс горимуудаас зөвлөх зэрэг ажлуудад ээжийн хамаатан Б.Насанжаргал ах маань машинтайгаа аавын дүү Цэцгээ эгч, бид хоёрыг авч явж, энэ өдөртөө амжуулж өгсөн нь хамаатан хүн гэдэг ийм үед л тус болох ёстойг ойлгуулсан хэрэг болсон.
Тэнхлүүлэн явахад тэмээгээр тусалснаас Тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр.

8. 14-ны өдрийн өглөө Сүхбаатар аймагт байсан аавын дүү нар ирж, тэдэнтэйгээ авсан газар руу очиж ухаж бэлтгэх, захиалсан хайрцаг, чулуугаа бэлэн болж байгаа эсэхийг очиж үзэх, маргаашийн хөдөөлүүлэх үйл явц аль замаар явж, аль замаар буцаж ирэхийг шалгаж, хэрхэн хөдөөлүүлэх вэ, ямар ариутгал гэх мэт ёс үйлдэхийг, хэн гэдэг ламаар хөдөөлүүлэх явцаа удирдуулахаа шийдэж, ламаа гэрт нь хүргэж өгч, маргааш өглөө нь ирж авахаа ярилцаж, аймгаас ирсэн аавын дүү нарт нь болж өнгөрсөн хийж гүйцэтгэсэн ажлуудаа тайлбарлан ярьж, хөдөөлүүлэх ламаасаа юу бэлтгэхийг асууж, шарил хадгалуулсан байсан 3-р эмнэлгийн хариуцсан эмч ажилтантай утсаар ярьж маргааш өглөө 7:40-д хөдлөхийг хэлж гэх мэт ажлуудыг амжуулсан.
Энэ ажилд маань их тус болсон аавын хамаатан Нямсүрэн ахдаа баярласнаа илэрхийлэхээс аргагүй.

9. 15-ны өглөө эртлэн босож 3-р эмнэлгийн шарил хадгалахдаа 5:40 минутад очиж, эмч нартай уулзаж, хөдөөлүүлэх ламын хэлсэн ёсуудыг эмч нар сурамгай нь аргагүй гүйцэтгэж, мэргэжлийн чадвараа харуулж байгаа нь бахархмаар байсан.
Өглөө 7:40 цаг ч боллоо. Хөдөөлүүлэх үйл явц ч эмнэлгээс эхэлсэн, 15-ны Даваа гариг, баяр наадмын дараах ажлын өдрийн 100 айлын машины бөглөрөөг эс тооцвол хөдөөлүүлэх явц сайн болж өнгөрсөн.

10. Гэрт дүү нар, аав ээжийн дүү нар, хамаатан саднуудын хамтын оролцоотой буй болсон будаалгын ажил амжилттай болж, хөдөөлүүлсэн лам маань зохих шашны номыг хурж, шашны талаас нь дуусгаж, хол ойрын хамаатан, садан, танил нөхдүүд гэр гэртээ хариж, 49 хоногийг дуусталх буян хурааж, бурхан болсон аавыгаа урд зүгтээ эрдэм номтой хүү болон төрөхийг нь хүлээх үлдсэн билээ.

Бодож байснаа хэрэгжүүлье дээ

2007-7-12 өдрийн 17 цаг орчимд аав маань бурхан болсон билээ.

Нийслэлийн СХД-ийн Сэхээн амьдруулах тасагт бурхан болсон аав минь эхнэр, 5 хүүхэд, 2 дүү, хамаатан дүү нартайгаа салах ёс хийж эцсийн амьсгаагаа автлаа биднийгээ харж, өнгөрүүлсэн амьдралаа бодож, үр хүүхдийнхээ бие хүн болж төлөвшиж чадсаныг бахархан бодсоор, санаа зовох зүйлгүйгээр бурхан болсон гэдэгт том хүү нь болж төрсөн миний бие ааваараа бахархаж байна.

Энэхүү блогоороо миний бие эцэг эхээрээ бахархах, хожим хойно үр хүүхдээ зовоохгүйн тулд хэрхэн зөв нас барах, уй гашуу тохиолдсон үед үлдсэн эхнэр, үр хүүхэд нь юуг яаж хийж бүтээх ёстойг өөрийн амьдралын жишээнд тулгуурлан бичиж үлдээж, залуус дүү нартаа мэдээлэл, мэдлэг болгон үлдээхийг аавыгаа бурхан болсны дараахан бодож байснаа хэрэгжүүлэх гэж байна.

Thursday, May 03, 2007

Хот, аймгийн нийтийн номын сангуудын портал вэб ажиллуулах хүсэл

Дээрх хүсэл, мөрөөдлөө биелүүлэхийн тулд Монголын Линукс Хэрэглэгчдийн холбоог түшиж ажиллаж байна.
Бид хамтран, www.acic.edu.mn вэбийг дээрх зорилгоо биелүүлэх вэб болгож эхлээд байна.

Одоогоор Улаанбаатар хотын нийтийн 5 номын сан, Ховд аймгийн нийтийн номын сангийн мэдээлэл тавигдсан.

Өнөөдөр буюу 2007-5-3 өдөр БСШУЯам дээр болсон Аймгийн номын санчдын уулзалт дээр Яруу сэтгэгч сониноо танилцуулж, тус сонины 9-р нүүрийг Хот, аймгийн нийтийн номын сангуудын мэдээллээ байрлуулах нүүр болгож байгааг мэдээлж, номын сан бүр сониныг захиалан, улмаар www.acic.edu.mn вэбд Орон нутгийн номын сандаа болж байгаа мэдээ, мэдээллийг төлбөргүй байрлуулж болохыг бас зарлалаа.

Wednesday, April 18, 2007

Ангийн үсэглэлийн баярт сурагч бүр 20000 төг гаргалаа

Энэ үнэн.
31-р сургуулийн 1б ангийн зарим нэг эцэг эхчүүд багшаа ч баярлуулна, хүүхдээ ч баярлуулна хэмээн Сургуулийн үсэглэлийн баярыг тарангуут залгуулаад Ангийн үсэглэлийн баярыг 3-р хорооллын Алтаргана ресторанд хийдэг юм байна.

26 сурагчтай ангийн хүүхэд бүрээс 20000 төгрөг хурааж Ангийн үсэглэлийн баяр хийх гэж байгаа юм уу гээд эрс татгалзаж Миний хүү лав мөнгө ч өгсөнгүй, ангийн үсэглэлийн баярт ч оролцсонгүй.

Миний бодлоор,
1Б ангийн сурагчид гэртээ ойрхон нийтийн номын сангийн Хүүхдийн уншлагын танхимд Уншигч болж, ном уншиж, номын тэмдэглэл хөтөлдөг болох нь Ангийн үсэглэлийн баяр тэмдэглэхээс дээр баймаар.
Хотын нийтийн номын санд уншигчаар бүртгүүлэхэд 1000 төгрөг тушаадаг. Энэ мөнгийг ямар үнэтэй юм бэ гэж хэлдэг эцэг эх ЯАЖ 20000 төгрөгийг хүүхдийнхээ Ангийн үсэглэлийн баярт зориулж чаддаг байна даа гэмээр.